Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо очиж, бэлтгэлээ хийж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад биечлэн оролцох боломжгүй байгаа юм.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-нд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.