П.Сүхбаатар: Хаягдлыг баялаг болгон хөрш рүүгээ борлуулсан

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-18 10:39:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг 2012 оноос “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэн байгаль орчны бохирдлыг багасгах, хогийг ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулах зэргээр олон төрлийн ажил хийж байгаа юм. Аймгийн төвд хогийг ангилан ялгах савыг өрх бүрт тавьсан нь нэгэн бизнесийн эхлэл болжээ. Ангилсан хогийг хараад баялаг бүтээх санаа төрсөн Булган сумын иргэн Пүрэвдоржийн Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Тэрээр гурван хүнийг ажлын байраар хангаж, таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хилийн чанадад ч борлуулж амжжээ.

         

- Хэдийнээс үйлдвэрлэлээ эрхэлсэн бэ?

- Яг жилийн өмнө буюу 2019 оны 6-р сарын 15-нд хог боловсруулах үйлдвэрийг хоёр жилийн түрээсийн гэрээг хөнгөлүүлж аваад ажлаа эхэлсэн. Одоо дөрвүүлээ ажилладаг. Айл өрхүүдээс анхан шатны ангилалт хийгээд ирсэн хогийг 4-5 ангилдаг. Ангилсан хогийг ашиглан нэмүү өртөг шингээж, нэг хүнийг ч гэсэн ажлын байраар хангаад цалинтай, орлоготой болгох зорилгоор ажиллаж байна. Таван бүтээдэхүүн гаргаж байна. Цаашид олон бүтээгдэхүүн хийхээр туршаад заримыг нь хийж эхэлж байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө санаачлан хийж байгаа. Туршлага судлаад явж байна.

Манайх малын тэжээл, сүүлний тос, зулын тос, адууны ясны тос, эдийн саван хийдэг.

- Хүн амьдарч байгаа газар хог гардаг. Түүхий эдийн хувьд хараат биш байх нь ээ.

- Айлуудаас ангилан ялгасан хог ашиглан бүтээгдэхүүн хийнэ. Тосыг иргэдээс худалдаж авч байна. Хүмүүс сүүлийн үед өөх тос идэхээ байсан учир маш их хашин тос байдаг болсон. Мөн маш их сүүл байна. Тэрийг авч боловсруулж ард түмэнд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

- Зулын тос савласан харагдана. Үүнийг яаж үйлдвэрлэх вэ?

- Үхрийн бөөрний өөхөөр хийдэг. Хуучны монгол аргаар хийж байгаа. Утаа тортог, үнэр байхгүй. Маш сайхан. Дээр үед монголчууд үхэр муулахаараа бөөрний өөхний тосоор зул өргөдөг байсан. Тэр аргаар л хийж байна. Өөхийг гал дээр шахахгүй уураар халааж тосыг авдаг.

- Хонины сүүлний тосыг мөн адил энэ аргаар боловсруулж байна уу?

          - Хонины сүүлийг монгол аргаар шаргааж \шаргаах гэж малын дотор өөхийг ширгээж тосыг авах гэсэн үг\ байгаа юм. Тогоон дотор хийхгүй уураар шаргаадаг. Уураар шаргааж байгаа учир үнэргүй болдог. Хиншүү хярвас үнэртдэггүй.

          - Адууны ясны тосны ач тус юу вэ?

      - Адууны ясыг бусад малын яснаас тус нь ялгаад тосыг нь авдаг. Адууны ясны тосыг ядарсан малд өгдөг. Малын тэжээлээ зуурсан ч болно.

- Танайхыг бүтээгдэхүүнээ гадаадад борлуулсан гэж сонссон юм байна.

          - Хамгийн эхний ээлжинд савангаа хийсэн. Одоо 200 грамм жинтэй саван гаргаж байна. Уг нь 150 граммтай хийж байсан. Малын буян байна гээд томруулсан юм. “Маргад” гэсэн нэртэй эдийн саван хийдэг. Тос, натрийн шүлтээс өөр хольц байхгүй. Хир, толбо маш сайн арилгадаг саван байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэнд оролцохыг урьсан. Дөрвөн жилд нэг удаа болдог том үзэсгэлэнд амжилттай оролцсон. Монголдоо 200 граммтай саванг 700 төгрөгөөр борлуулдаг. Үүнийг өмнөд хөрш рүү борлуулах агуу зах зээл байна. Тэнд нэгийг нь 15 юаниар зарсан. Анхны гадаад худалдаа дажгүй болсон. Цаашдаа гаргах бодолтой байна.

- Малын тэжээл юугаар үйлдвэрлэж байна. Борлуулалт хэр байдаг бол.

- Малын тэжээл өнгөрсөн онд 3,0 тонныг үйлдвэрлэсэн. Айлуудаас ангилагдаад ирж байгаа малын ясыг уураар нэрж боловсруулаад тосоо гаргаж аваад ясаар нь малын тэжээл хийдэг. Ясыг ууранд болгосны дараа гурван  удаа тээрэмдээд шигшээд тэжээл хийнэ. Малчид манай малын тэжээлд ам сайтай байдаг.

Тэжээлийн найрлагад нь ясны гурил, байгалийн хужир, овьёос, рапс орж байна. Булган сумын малчид их авч байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумаас нэг тонн тэжээл ирж авсан. Малчид мал маллахдаа шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй санагддаг. Малдаа хивэг өгөөд байдаг. Гэтэл мал хорогдоод байна. Тэжээлийн агууламжийг сайн бодож тэжээх ёстой гэж үздэг. Хивэг болохоор 6 хувийн уургийн агууламжтай. Гэтэл манай тэжээл 17 хувийн уургийн агууламжтай, кали, кальцийг маш өндөр нөхнө.

- Яс бол хаягдал биш болжээ.

- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны форум Орхон аймагт болсон. Түүнд оролцохдоо “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдмийт” гээд мах маркетийн захирал Мөнхтүвшинтэй танилцсан. “Та манайхаас малын яс авч болно” гэсэн. Өдөрт 0,5-1,0 тонн яс гардаг юм билээ. Тэндээс манайх өдөр болгон яс татаж чадахгүй. Тэднийх болохоор бактер үрждэг учраас малынхаа ясыг хашаандаа байлгадагүй шууд гаргачихдаг. Тэгэхлээр манайх агуулах савтай болж байж тэр их ясыг авах хэрэгтэй болоод байгаа.

Яс хувхайрах тусмаа их сайн байдаг. Фосфорын хэмжээ их болдог.

Хаягдал ясыг гурил болгосны дараа Булган аймгийн шувуу тэжээдэг хүмүүс авсан. Бүтээгдэхүүний талаар асуухад “өндөгний хальс зузаараад, доторх шар уургийн агууламж амттай болж өнгө нь тод шар болж байна лээ” гэсэн. Аж ахуй эрхэлдэг хүмүүс хамтраад бие биендээ тус дэм болоод явдаг даа.

            - Хогноос бас ашиглах боломжтой зүйл их гарна биз.

- Айл өрхийн ангилаад явуулсан хог хаягдлыг янз бүрээр ялгана. Шилийг тусад нь ангилж байгаа. Архиных, чанамалынх гэх мэтээр тусад нь ялгадаг. Бид өөрсдөө шил үйлдвэрлэж чаддаггүй учраас энэ бол хаягдал биш баялаг болчихоод байгаа юм. Бид нар шилийг төрөл хэмжээгээр нь ангилаад уураар ариутгаад намар ногоо дарах ард иргэдэд нийлүүлдэг. Түлхүү ангилаад өгвөл авах зах зээлийн хувьд асуудал байхгүй. Өнгөрсөн жил манайд Дархан, Сэлэнгэ аймгаас 10,0 мянган ширхэг шил нийлүүлээч гэсэн санал ирээд биелүүлж чадаагүй. Шил олдоогүй. Айлууд маань ангилж өгөхгүй учраас шууд хогтойгоо хаягдаад байна.

- Манай аймгийн төвийн өрх бүрт хог ангилан хийх сав хийж өгсөн. Иргэд хогоо ангилан хийж чадаж байгаа болов уу?

- Нийтдээ 3200 сав тавьсан. Монголд анхных гэмээр бүтээн байгуулалт бөгөөд ирээдүйг харсан, байгальд ээлтэй ажил болсон. Энэ хайрцгийг хараад хогийг баялаг болгох ажлыг хийх сэдэл санаа болсон. Анх айлд хогийн сав тавьж хогоо “хаягдал”, “дахивар” гэх ангилахыг зааж байснаа бодвол гайгүй хогоо ялгадаг болж л байна. Гэхдээ хүмүүсийн хандлага жаахан бас тааруу л байна. Бүгд хогоо ангилаад хэвшчихвэл байгаль орчин бохирдохгүй, дээрээс нь хэдэн хүн ажилтай болоод баялаг бүтээж, эдийн засгийн эргэлтэд оруулаад амьдраад явах боломжтой. Нутаг ус, байгаль орчин цэвэр цэмцгэр байхаас эхлээд олон давуу талтай байна.

- Хог хаягдлаар ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

- Хуванцраар хашааны шонг бүрж байна. Гялгар уут хайлуулаад хашааны шонгийн газар суудаг хэсгийг бүрэх ажил хийж байгаа. Модон шон таван жил болоод ялзраад унадаг. Тэгвэл хуванцраар бүрсэн шон тавин жил болох байх. Хуванцрын хамгийн муу тал нь байгальд задрахгүй 100-150 жил болдог гэдэг. Тэр муу талыг давуу чанар болгохыг зорьж байна.

          - Хаягдал ундааны сав, гялгар уутаар сандал үйлдвэрлэдэг гэж сонссон юм байна.

      - Би бол сандал гэхээсээ илүүтэй шонгийн бүрхүүл хийе гэж бодож байна. Газар тариалангийн талбай хашихад ашиглуулахыг зорьж байгаа. Хэдхэн жилийн настай хашаа барьчихаад модыг нь муудахаар дахиад уул руугаа хөрөө бариад дайрч байна. Түүнийг л зогсоох зорилго байна.

Хийх зүйл их байна. хөрөнгө санхүүтэй холбоотой болохоор бэрхшээл байна аа. Тэгэхдээ шантрахгүй.

          - Төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?    

         - Булган сумын сум хөгжүүлэх сангаас 2019 онд 15,0 сая төгрөгийн зээл авсан. Аймаг, сумаас бидний үйл ажиллагааг дэмждэг. 9,0 сая төгрөгөөр худаг гаргаж өгсөн.

- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл аваагүй юу?

- Олддоггүй. Аж ахуйн нэгж биш болохоор зээл өгдөггүй юм билээ.

- Одоохондоо үйлдвэрлэл түр зогсож байгаа юм уу даа.

          - Коронавирус гээд ажиллаагүй байна. Манайд эмэгтэйчүүд ажилладаг. Ундаа, усны савыг ямар ч хүн хаанаас ч ирээд хаяж болно. Тэр ямар вирустэй байхыг хэн мэдэх билээ. Тийм учраас эрсдэлээс урьдчилан сэргийлээд үйл ажиллагаа явуулахгүй түр зогсолтын байдалтай байна.

          -Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ