Эрүүл мэндийн байгууллагын 350 ажлын байрыг цахимаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-15 13:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн яармаг-2020” цахим хэлбэрээр энэ сарын 16-17-нд болно.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай байгаа сул ажлын байрны мэдээллийг нэгтгэх, танилцуулах, сул ажлын байранд зуучлах, ажил идэвхтэй хайж байгаа эрүүл мэндийн ажилтны мэдээний сан үүсгэх, төгсөлтийн дараах сургалтын талаар мэдээлэл өгөх юм.  

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тоо 2018 оныхтой харьцуулахад 2019 онд 3.5 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, 4459 эрүүл мэндийн байгууллагад 54 587 хүн ажиллаж байгаагаас гадна анагаах ухааны боловсрол олгох төрийн болон хувийн хэвшлийн 16 их, дээд сургуулийг 2020 онд 3500 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна.

“Хөдөлмөрийн яармаг-2020”-ийн үеэр 50 эрүүл мэндийн байгууллагын 350 орчим сул ажлын байрны мэдээлэл танилцуулах бөгөөд дүрс оношилгоо,  дотрын эмч,  сувилагчийн сул ажлын байр хамгийн их байгаа аж.

Уг хөдөлмөрийн яармаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn вэб  хуудсаар олон нийтэд хүрэх тул их, дээд сургууль төгсөгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд оролцох боломжтой.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангах, ур чадварыг нь хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор  ‘’Хөдөлмөрийн яармаг’’-ийг жил бүр тогтмол зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ