Тагнуулын байгууллагад иргэний улс төрийн эрх чөлөөнд халдсан асуудлаар 43 гомдол иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-15 13:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын байгууллагад 2020 он гарсаар иргэний улс төрийн эрх чөлөөнд халдсан гэмт хэргийн тухай 43 гомдол ирсэн байна. Үүнээс 37 нь гэмт хэргийн, 6 нь зөрчлийн шинжтэй гомдол байгааг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх нь иргэдийн улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг юм. Тиймээс тагнуулын байгууллага гадаадын байгууллага, иргэд Монгол Улсын сонгуулийн дүнд нөлөөлөх аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, тэр дундаа мөнгө санхүүгээр дэмжих гэмт хэргийг илрүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Тагнуулын байгууллагад ирсэн гэмт хэргийн шинжтэй 37 гомдлоос нэгт нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хоёр гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Мөн нэг хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол бусад хэргийг шалгаж байгаа. Зөрчлийн шинжтэй хэргүүдээс тавыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлж, нэгийг нь шалгаж байна” гэлээ.


Дээр дурдсан 43 гомдол, мэдээллийн 36 нь цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчдийн алдар хүндийг гутаан доромжилсон, илт худал мэдээлэл тараасантай холбоотой байна. Харин сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, амралтад явуулах, шагнал тараахтай холбоотой дөрөв, олон иргэнийг хууль бусаар оршин суугаа хаягаас нь шилжүүлсэн тухай гурван гомдол иржээ.

Холбоотой мэдээ