Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг 14 аймагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-15 11:58:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн үр дүнгийн гэрээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар энэ сарын 12-нд гарын үсэг зурлаа.


Энэ оны 4 дүгээр сард УИХ-аар соёрхон баталсан уг төслийн Санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны төлөөлөл гарын үсэг зурж, ХХААХҮЯ-наас шаардлагатай арга хэмжээ, урьдач нөхцөлийг хангаснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг төсөл нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн эхний хөтөлбөр болох “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн амжилтад суурилсан 2 дахь үе шатны төсөл болж байгаа юм.



Төслийн хүрээнд 2020-2025 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай,  Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.


Тодруулбал, малын эрүүл мэнд, малын халдварт болон гоц халдварт өвчинтэй холбоотойгоор мал аж ахуйн салбар, нэн ялангуяа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортод учирч буй хүндрэл, хязгаарлалтыг арилгахад дэмжлэг үзүүлнэ. Мөн мал эмнэлгийн салбарын бодлого, стандарт дүрэм журмыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, аймаг, сумдад ажиллаж буй малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилтыг тусгажээ. Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цөм болон эцэг малын сүрэг, зохиомол хээлтүүлгийн нэгжүүдийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг хөгжүүлэх замаар хувийн болон орон нутгийн мал үржүүлэгч нарын чадавхжуулах, мал сүргийн тэжээлийн шалгарсан туршлагуудыг нэвтрүүлэх замаар мал сүргийн бүтээмжийг сайжруулах, сүүний чиглэлийн кластерууд, малыг шахан бордох цэгүүд, хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд төслийн гол зорилго оршино. 


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай байгуулж буй үр дүнгийн гэрээг нэр төртэй хэрэгжүүлснээр Монгол Улсын малын эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, олон мянган малчин айл өрхийн амьдралд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан онцлон тэмдэглэв.



Холбоотой мэдээ