Гоман дацанд шавилж байсан 229 сурагч эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ, Лаос улсаас 251 иргэнээ авсан тусгай нислэг өнөөдөр 07.58 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, Гоман дацанд шавилж байсан 229 сурагч ирсэн юм.
Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв, “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудалд 21 хоног тусгаарлана. Лам хүүхдүүдийн нислэгийн зардлыг ар гэрийнхэн нь хариуцаж төлсөн бол, тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс энэ сард нийт 9 тусгай нислэгээр гадаадаас 2300 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Энэ сарын 6-нд Австралийн нислэгээр 262, 10-нд Казахстанаас 157, 11-нд Японоос 258 иргэнээ татан авсан бол өнөөдөр Энэтхэг, Лаос улсаас 251 иргэн ирлээ. Энэ сарын 17, 18-нд БНСУ-ын Сөүл хот, 19-нд ХБНГУ-ын Франкфурт, 21-нд АНУ руу нислэг үйлдэнэ. Үүнээс гадна энэ сарын 20-нд Зүүн өмнөд Ази руу тусгай онгоц нисгэхээр судалж байна.



