“The Hu” хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 23-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-06-12 14:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болжээ.

Тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, ХААН банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган "Хүннү рок" урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Тоглолтын үеэр цугларсан хандивыг "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.

Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг тоглолтынхоо үеэр "COVID-19"-тэй тэмцэж буй хүмүүст талархан, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалах аж.

Ташрамд сонирхуулахад, “The Hu” хамтлаг Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо салхийг “White Rock Center”-т 2019 оны тавдугаар сарын 23-нд “Гэрэг” бие даасан тоглолтоороо хагалж байв.


Холбоотой мэдээ