Окинавад Америкийн шинэ баазын барилгын ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-12 13:26:22

ТОКИО. /RIA Novosti/. 57 хоног завсарласны дараа Японы Окинава мужийн Наго хотын Хэноко дүүрэгт АНУ-ын баазыг барьж эхэллээ гэж “Okinawa Times” сонин мэдээлжээ.


Японы Засгийн газар барилгын ажил дууссаны дараа тус дүүрэгт мөн энэ мужид байрладаг АНУ-ын Агаарын цэргийн хүчний Фүтэмма баазыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа бол Окинавагийн засаг захиргаа мужийн гадна байрлуулахыг шаардаж буй юм.


“Okinawa Times” сонинд мэдээлснээр, ажилчдынх нь нэгд коронавирусний халдвар илэрсний улмаас барилгын ажил дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зогссон байна.


Фүтэмма бааз нь Окинава арлын Гинован хотын орон сууцны барилгуудад маш ойрхон байрладаг учир дэлхийн хамгийн аюултай баазад тооцогддог. Япон, АНУ-ын хооронд 2006 онд хүрсэн тохиролцооны дагуу уг баазыг Хэноко руу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхийн тулд далайн эрэг орчмын 157 орчим га зурвасыг шороо асгаж дүүргэх шаардлагатай бөгөөд барилгын ажлын явцад шүрэн хадууд устах магадлалтай байна. Энэ нь нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Үүнээс гадна, уг баазыг Окинава дотроо шилжүүлж байгаа нь тус арал дахь АНУ-ын цэргийн баазыг байршуулах ачааллыг бууруулахгүй гэж нутгийн иргэд үзэж байгаа аж. Окинава нь Японы газар нутгийн ердөө 0.6 хувийг эзэлдэг боловч тус мужид Америкийн цэргийн объектуудын 74 хувь нь байрладаг байна.


Японы Засгийн газар болон мужийн эрх баригчдын хооронд Фүтэмма баазыг Хэноко руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой маргаан хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ