Хэвлэх үйлдвэр болон хэвлэлийн газруудад шалгалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-11 11:05:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн газрууд болон хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагад ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газраас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.


Хяналтын хэлтсийн дарга нарын баталсан энэ оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04 тоот удирдамжийн дагуу “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжүүлэлтэд хяналт тавихаар 10 байгууллагыг шалгасан байна.


Сонгуультай холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон “Аз хур” ХХК, Болор судар хэвлэлийн газруудын хүсэлтээр уг шалгалтад хамруулаагүй байна. Тус хоёр байгууллагыг сонгуулийн дараа шалгах юм байна.


Хэвлэн гаргасан зарим бүтээлд гэрээ байгуулаагүй, гэрээг байгуулахдаа зохих загвар стандартыг баримтлаагүй, эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус, ажил дууссаны дараа гэрээ байгуулсан зэрэг зөрчил дээрх шалгалтаар илэрчээ. Мөн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасан ном, сэтгүүл ямар зохиогчийн бүтээл болох нь тодорхой бус, захиалагч тал нь тухайн бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч нь мөн эсэхэд хяналт тавьдаггүй нь тогтоогдсон байна.  Зөрчлийг арилгуулах зөвлөмж, албан шаардлага өгч, энэ оны 9 дүгээр сард гүйцэтгэлийг нь дахин шалгахаар болжээ. 


Ташрамд дурдахад, зохиогчийн эрхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих байсан тул Монгол Улсын төдийгүй олон улсын хувьд зохиогчийн эрхийн үндсэн чиг баримжаа болж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Зохиогчийн эрхийн тухай ДОӨБ-ын гэрээгээр хүлээх эрхийн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх нь уг шалгалтын бас нэг зорилго байсан байна.


Б.Мандуул

Холбоотой мэдээ