Булган сумын иргэд өөрсдийн санаачилгаар голын эргийг ойжуулж байна

Фото
gereltod@montsame.mn
2020-06-08 14:34:03

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын Тусгалт, Тамир, Баянбулаг багийн иргэдийн санаачилгаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ хамтран Тамирын голын эрэг дагуу улиасны мөчрөөр ойжуулалт хийж байна.

Голын эрэг дээр ойжуулалт хийснээр богино хугацаанд сэргэн ургалт бий болж голын урсац нэмэгдэх юм. Энэхүү санаачилгыг хойд Могойн гол, Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын 11 нөхөрлөлийн 50 гаруй гишүүн гаргаж, сайн дурын үндсэн дээр өөрсдийн хөрөнгөөр хийжээ. Өнөөдрийн байдлаар Тамирын голын урсгал нь татарч, эхээрээ болон дунд хэсгүүдээрээ тасарсан байдалтай байгаа юм. Цаашид голын эрэг дагуух ширэг хуурайшиж цөлжих эрсдэл үүсээд байгаа юм. Үүнийг хамгаалахын тулд сумын иргэд, малчид нэгдэн ийнхүү голын эргийн зүлгийг хамгаалах, улмаар Тамирын голын урсацыг сайжруулах зорилгоор голын эргийг хашиж, ойжуулж байгаа аж.