Энэтхэгт бүртгэгдсэн халдвар Италийнхыг давж, Франц хатуу хязгаарлалтаас хурдан гарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-07 12:22:18

ЛОНДОН. /ВВС/. Энэтхэгт коронавирусээр халдварласан болон нас барсан тохиолдол огцом нэмэгдсэн бол Франц улс хатуу хязгаарлалтаас хурдан гарч байна. Үүний зэрэгцээ цар тахал арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдыг зогсоосонгүй. 


Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, бямба гаргийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 6.7 саяд хүрч, 400 мянга орчим хүн нас баржээ. Гэсэн хэдий ч дэлхийн ихэнх улс оронд өдөрт илрэх халдварын тоо буурч байна.


Африк гаралтай Америкийн иргэн цагдаа нарын гарт амиа алдсанаас үүдэлтэй арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал болж буй улс орнуудын эрх баригчид, эмч нар халдварын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй гэж эмээж байна.


Дэлхийн улс орнуудын "Ковид-19"-ийн байдалтай холбоотой эдгээр болон бусад мэдээлийг ВВС агентлаг түүвэрлэснийг хүргэе.


Энэтхэг улс “Covid-19”-ийн халдварын тохиолдлын тоогоор Итали улсыг гүйцэж, дэлхийд зургадугаарт орлоо. Тус улсад 237500 хүн халдвар авчээ. Нэг хоногийн дотор 10 мянга орчим тохиолдол илэрсэн байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт 6650 хүн нас баржээ.


Мумбай, Дели хотуудын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрсэн бөгөөд эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй байна гэж эмч нар ярьж байна. Үүний зэрэгцээ даваа гаргаас тус улсад худалдааны төв, сүм хийд, албан газар, ресторанууд нээгдэнэ.


Хүн ам ихтэй, ариун цэврийн байгууламж муу, эмнэлгийн төсөв бага хэдий ч өнөөг хүртэл Энэтхэг улсад халдвар болон нас баралтын үзүүлэлтүүд харьцангуй доогуур байсан нь мэргэжилтнүүдийг ихэд гайхшруулж байв. Харин одоо мэргэжилтнүүдийн санал бодол хоёр хуваагдсан байна. Зарим нь Энэтхэгт өвчлөл оройтож оргил цэгтээ хүрсэн гэж үзэж байгаа бол зарим нь энэ улсад янз бүрийн шалтгаанаар эхнийхээсээ илүү хүчтэй халдварын хоёр дахь давлагаа эхэлж байна гэж мэдэгдэж байгаа юм.


Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани тус улсад коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байгааг мэдэгдээд олон хязгаарлалттай өнөөгийн амьдралын хэв маяг удаан хугацаанд үргэлжилж магадгүйг иргэддээ анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын дунд үеэс тус улс хорио цээрийн арга хэмжээг аажмаар сулруулж эхэлсэн бөгөөд үүний дараа өвчлөл огцом нэмэгдэж эхэлжээ.


Энэ долоо хоногийн пүрэв гарагт Иранд хоёрдугаар сараас хойших халдварын хамгийн олон буюу 3574 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Роуханигийн хэлснээр, нийслэл хотод саяхан олон зочин уригдсан тансаг хурим болсон нь халдварын тохиолдол нэмэгдэхэд багагүй нөлөөлжээ. Тэрбээр хэдийгээр албан ёсоор хориглоогүй боловч олон хүнтэй баяраас татгалзахыг ард иргэддээ уриалсан байна. Иран улс нь Ойрхи Дорнодын орнуудаас цар тахалд хамгийн их өртсөн юм. Тус улсад 167 мянга гаруй хүн халдвар авч, 8100 хүн нас баржээ.


Европын байдал

Португал улс бямба гаргаас наран шарлагын газруудаа нээсэн байна. Тус улсын Ерөнхий сайд иргэдийг хаана очихоо яг таг мэдэхийн тулд наран шарлагын газруудын талаарх мэдээлэл бүхий тусгай программ гар утсандаа суулгахыг уриалжээ. Амрагчид хоорондоо 1.5 метрийн зай барих ёстойгоос гадна, урьдчилан захиалга өгсний дараа л очиж болох аж.


Францын эрх баригчид бямба гарагт Версалийн ордныг иргэддээ нээсэн байна. Тус улс хязгаарлалтын хатуу дэглэмээс итгэлтэйгээр гарч байгаа бөгөөд соёлын бусад байгууллага, түүхэн дурсгалт газруудыг ирэх долоо хоногт нээх аж. Европын бусад оронтой харьцуулахад Франц хязгаарлалтын дэглэмээс маш хурдан гарч байна.


2019 онд Версалийн ордныг найман сая хүн үзэж сонирхсон бөгөөд тэдний дийлэнх нь гадаадын иргэд байжээ. Өнгөрсөн онд тасалбарын борлуулалтаас музейн цогцолборуудын жилийн нийт орлогын 75 хувьтай тэнцэх орлого олсон байна. Цар тахлын улмаас гадаад болон дотоодын аялал жуулчлал хаагдсан нь Версалийн санхүүгийн тогтолцоонд хүнд цохилт болжээ. Одоо уг ордноор зөвхөн амны хаалттай аялж болох бөгөөд бүх 2300 танхимд нэг чиглэлийн хөдөлгөөнөөр явах ёстой байна.


Тахлын үеийн эсэргүүцлийн ажиллагаа

Австралид хэдийгээр хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа боловч хэдэн арван мянган хүн "Хар арьстнуудын амьдрал чухал" хэмээх уриан дор гудамжны жагсаалд оролцож, африк-америк гаралтай эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсаны дараа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж буй америкчуудыг дэмжиж буйгаа илэрхийллээ.


Австралийн олон мужид болсон жагсаалд 500 гаруй хүн оролцсон бөгөөд жагсаал болохын өмнө Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газар эсэргүүцлийн ажиллагааг хориглох хүсэлтийг Дээд шүүхдээ гаргажээ. Тус мужийн эрх баригчид олныг хамарсан арга хэмжээ халдвар дахин дэгдэхэд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байна.  Шинэ Өмнөд Уэльст долоо хоногийн турш халдварын шинэ тохиолдол илрээгүй юм.


Сидней хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг эцсийн мөчид зөвшөөрсөн боловч зохион байгуулагчдыг нь нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэмээн торгууль ногдуулжээ. Жагсаал цуглаан мөн Брисбен, Мельбурн, Аделаид, Хобарт болон бусад хотод болсон байна.


Түүнчлэн үүнтэй адил жагсаал Их Британид болов. Тус улсын эрх баригчид хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг иргэддээ уриалсан хэдий ч эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн байна. Нийслэл Лондон хотод болсон жагсаалд хэдэн арван мянган хүн оролцжээ. Эсэргүүцлийн жагсаал эхлээд тайван болж байсан боловч оройн 19 цагийн үед жагсагчид цагдаа нар руу лонх зэрэг янз бүрийн зүйл шидэж эхэлсэн байна. Лондон хотын цагдаагийн газраас мэдээлснээр, бямба гаргийн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 23 цагдаа гэмтжээ.


Арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн уриа лоозон бүхий жагсаалууд өнгөрсөн бямба гарагт мөн Швейцарын Берн, Базель болон бусад хотод болсон байна. 


Мөн Канадын Торонто хотын төвд арьсны өнгөөр ​​ялгаварлах, цөөнхийг системчлэн гадуурхахыг эсэргүүцсэн жагсаалд хэдэн мянган хүн оролцжээ.


Холбоотой мэдээ