"Walmart" зэвсгүүдээ хураажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр "Walmart" зарим дэлгүүрээр худалдаалагддаг галт зэвсэгнүүдээ хураажээ. Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай америк эр Жорж Флойд нас барснаас хойш АНУ-д дэгдэж эхэлсэн эсэргүүцлийн үеэр дээрэм тонуулын хэрэг гарах болсонтой холбоотойгоор "Walmart" компани ийм шийдвэр гаргасан байна.
Урьдчилан сэргийлэх үүднээс зарим дэлгүүрийн зэвсгийн борлуулалтыг түр хугацаагаар зогсоож байгаагаа "Walmart" компани мэдэгдэлдээ дурджээ.
Өмнө нь "Walmart" сүлжээ дэлгүүрийн удирдлага эмх замбараагүй байдал дэгдсэн дүүргүүдэд ийм төрлийн барааг хураах шийдвэр гаргаж байсан бол одоо урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авахаар шийдэж бусад дүүргийн сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж буй зэвсгүүдийг мөн хураахаар болжээ.