“Шүд болон гараа дарааллын дагуу хэн хамгийн сайн, зөв угааж сурсан бэ” цахим уралдаан дүнгээ гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-03 10:25:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Шүд болон гараа дарааллын дагуу хэн хамгийн сайн, зөв угааж сурсан бэ” цахим видео уралдааныг зарлан явуулсан байна.

Энэхүү уралдааныг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр болон аймгийн БСУГ-тай хамтран зохион байгуулсан байна. Цахим уралдааны гол зорилго нь COVID-19 цар тахал болон халдварт, халдварт бус өвчлөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа аж. Уралдаан нь гар болон шүдээ тогтмол зөв угааж сурах, зөв дадлыг үр хүүхэддээ хэвшүүлэх, эцэг, эх хүүхэдтэйгээ хамт суралцах боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө чухал ач холбогдол өгсөн байна. Түүнчлэн бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, уриалах амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв дадлыг хэвшүүлэх, багш сурагчдын харилцааг гүнзгийрүүлэх, багш, эцэг эх, хүүхдүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж хүүхдээ дэмжих боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө онцлог уралдаан болжээ.

Энэхүү цахим уралдаанд Сэлэнгэ аймгийн зорилтот Сүхбаатар, Орхон, Сант, Жавхлант, Хүдэр, Ерөө сум, Бугант, Шаамар, Дулаанхаан тосгоны сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдсан байна. Уралдаанд оролцогчдыг хянахад хялбар болгох үүднээс гурван бүс болгон хувааж оролцуулсан байна.

Тухайлбал, Төвийн бүсэд Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан тосгон. Баруун бүсэд Орхон, Сант, Жавхлант. Зүүн бүсэд Ерөө, Бугант тосгон, Хүдэр сум хамрагдсан аж. Ингээд “шүд болон гараа дарааллын дагуу хэн хамгийн сайн зөв угааж сурсан бэ” цахим видео уралдаанд Бэлчир, Ерөө, Орхон бүсийн 11 сумын сургууль, цэцэрлэгийн 728 хүүхэд оролцсон байна. Тэмцээнийг дөрвөн насны ангиллаар явуулж, дүнгээ гаргахад ангилал тус бүрээс шалгарсан 36 хүүхэд "Өргөмжлөл", мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. Хөл хорионы дэглэмтэй байгаа учраас хүүхдүүдийн шагнал, бэлгийг сургууль, цэцэрлэгээр нь дамжуулан хүргүүлжээ. 

Холбоотой мэдээ