Грек төсвөө танах багц хууль баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-09 11:11:48

АФИН. /ВВС/. Грекийн Засгийн газар өнөөдөр еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нартай чухал уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан тус улсын парламент  даатгал болон тэтгэврийн шинэчлэлийн багц хуулийг баталжээ.

Грек төсвөө танах арга хэмжээ авснаар гадаадаас таван тэрбум еврогийн зээл авах боломжтой болох юм. Өмнө нь төсвийг танах арга хэмжээг эсэргүүцэгчид Афин хотод жагсаал зохион байгуулж, жагсагчид болон цагдаа нар хооронд мөргөлдөөн гарч байсан билээ.

Харин үйлдвэрчний эвлэлүүд төсвийг танах арга хэмжээг дахин авахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Дээрх хууль батлагдваас тэтгэвэр, тэтгэмж авдаг нийт хүмүүсийн зөвхөн 7.5 хувь нь авдаг мөнгөнөөсөө хасуулах бөгөөд үүний зорилго нь нийгмийн шударга ёсны гол зарчимд тулгуурласан “тогтвортой” тогтолцоог бий болгох явдал юм гэж Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдэв.

Мөн тэрбээр "таналтын арга хэмжээний талаар зургаан жилийн шаргуу хэлэлцсэний эцэст даваа гарагт Грекийн өрийг хөнгөлөх тухай асуудлыг еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нарын хамтаар бид хэлэлцэх гэж байна. Энэ бол Грекийн хувьд маш чухал өдөр юм" гэж онцлон тэмдэглэлээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ