Хөдөлмөрийн баатар С.Чоягийн унаж байсан машиныг хөшөө болгон мөнхөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51
машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө
болгон мөнхөллөө.
"Монголын анхны саятан
жолооч" хэмээн алдаршсан гавьяатанд зориулж хөшөө босгоход аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Гаалийн газрын дарга С.Хавал, Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол, инженер З.Бердаулет нар гар бие оролцжээ.
С.Чоя нь 1954-1994 онд
Баян-Өлгий аймгийн Авто тээврийн бааз, Тээврийн удирдах газарт шуудан
тээврийн жолоочоор тасралтгүй 40 жил ажиллажээ. Тэрээр ГАЗ-51 машинаараа
Алтайн уулархаг нутгийн бартаат замд их засваргүйгээр 534 мянган км
явжээ. Мөн бааздаа саятны хөдөлгөөн өрнүүлэн, бригад тэргүүлэн ажиллаж, 4 удаа
саятан, 7 удаа улс, аймгийн аварга болсон аж.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр
үнэлж, 1980 онд Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байхад нь БНМАУ-ын Хөдөлмөрийн
баатар цол хүртээсэн байна.