Герентологийн төвийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-05-28 11:37:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт анх удаа ахмадын сэргээн засах төв буюу Герентологийн төвийг Дархан-Уул аймагт барьж байгаа билээ. 2019 оны 8 дугаар сард шав тавьж байсан тус төвийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.

Нийт 50 ортой тус төв нь эмчилгээ, сувилгаа, номын сан, бялдаржуулах төв, амралт чөлөөт цагийн танхимуудтай юм. Герентологийн төв улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хотод л нэг байдаг бөгөөд 21 аймгийн ахмадууд очиж үйлчлүүлэхэд ачаалал ихтэй байдаг аж. Тиймээс төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймагт барихаар төлөвлөсөн нь ийнхүү биелэлээ олж байна. Одоо тус төвийн засал, чимэглэл дуусч байгаа бөгөөд цахилгаан шат суурилуулах ажил өрнөж байна. Ахмадууд руу чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд уялдаа холбоотой байж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, санхүүжилтийг саадгүй төвлөрүүлэхэд холбогдох яам, газруудтай холбож байжээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан автозам түр хаасан, замын засвар шинэчлэлээс шалтгаалан бараа, материал багахан саатсаныг эс тооцвол хүндрэлтэй зүйл тохиолдоогүй гэж гүйцэтгэгч “Дорнын өргөө” ХХК-аас мэдэгдэж байна

Холбоотой мэдээ