ОХУ-аас 594 иргэнээ төмөр замаар татан авна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-26 14:09:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас өнөөдөр болон маргааш 594 иргэнээ Алтанбулаг боомтоор галт тэргээр татан авахаар төлөвлөснөө УОК-ын Шуурхай штаб өнөөдөр мэдээлэв. 


"Гадаадаас иргэдээ татан авахдаа тусгаарлах байрны нөөц, эмнэлгийн ачаалалд тулгуурладаг. Өнгөрсөн сарын 30, энэ сарын 1,3-нд тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах хугацаа дуусаж байр нь чөлөөлөгдсөн тул ОХУ-аас энэ удаа татан авч байгаа 700 иргэнийг тусгаарлах боломж бүрдсэн" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв.


Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 171 иргэн ирсэн. Манай улсад нийт 1248 иргэн тусгаарлалтад байна. Үүний 790 нь нийслэлд, 458 нь орон нутагт байгаа аж.


ОХУ-д, тэр дундаа Москва хотод шинэ коронавирусний цар тахал эрчимтэй тархаж байгаа энэ үед тэнд амьдарч байгаа иргэд, оюутныхаа аюулгүй байдал, амь насыг хамгаалж тэрүүлэх ач холбогдол өгч байгаа гэдгийг тэрбээр тэмдэглэв. Тус улсад манай 4000 иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан бөгөөд Алтанбулаг боомтоор өнгөрсөн хугацаанд 2000 гаруйг нь татан авчээ. "Одоо тус улсад манай 1047 оюутан байгаагаас 764-ийг нь ийнхүү өнөө маргаашдаа багтаан татан авна. Үлдсэн оюутнууд өөрийн сонголтоор ОХУ-д үлдэхээр болсон" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. 


Манай улс нэгдүгээр сард шинэ коронавирусний халдвар БНХАУ-д дэгдэж эхэлсэн үеэс нийт 62 мянган иргэнээ улсын хилээр нэвтрүүлжээ. Тэдгээрийн 8498-ийг нь зохион байгуулалттай татан авсан. Үүнээс 3488 нь агаарын тээвэр, үлдсэн нь төмөр зам болон авто тээврээр эх орондоо иржээ. Цаашид гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаална гэдгийг онцоллоо. 


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, "ОХУ-аас бусад нутагт байгаа иргэдээ бид орхихгүй. БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байна. Ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татан авахаар төлөвлөж байна. Энэ ташрамд бүтээн байгуулах ажлын шугамаар нэвтрүүлэх хятад иргэний асуудлыг судална. БНХАУ хилээ нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ. 


Дэлхийн 45 улс орноос 10 800 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Хамгийн олон буюу БНСУ-ын Сөүл хотоос 1820, Япон улсын Токио хотоос 1276, Зүүн өмнөд Азиас 417 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлжээ.

Холбоотой мэдээ