“Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” аяныг зохион байгуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-25 11:33:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд санамсар, болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” аяныг зохион байгуулж байна.


Тус газраас энэхүү арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох байгууллагуудтай хамтран энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж аухйн нэгж рүү түлхүү анхааран хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаа ажээ. Говь-Алтай аймагт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд санамсар, болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэрэг бүртгэгдээгүй хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

Урин дулааны цагтай зэрэгцэн улирлын чанартай барилга, уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлдэг бөгөөд эдгээр салбарт хамгийн их зөрчил бүртгэгддэг байна. Гол шалтгаан иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлдэггүй, холбогдох байгууллагаас гаргасан журам, стандартыг мөрдөж ажилладаггүйгээс осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирдог байна. 


Холбоотой мэдээ