Аймгийн газар нутгийн 52 хувийг тусгай хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-25 10:31:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь Монгол Алтайн уулс, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн ихэнх хэсгийг хамарсан  7.6 сая га нутаг дэвсгэртэй.

Тэгвэл одоогийн байдлаар аймгийн нийт газар нутгийн 52 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тухайлбал, нийт газар нутгийн  2 654 576 га буюу 34.9 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон байна. Харин 725765.1 га буюу 9.5 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт багтаж байна. 

Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нутаг, усны эх, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар тусгасан байдаг.

Мөн Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрт /2016-2026 он/ экологийн хувьд чухал газар нутгийн 55-аас доошгүй хувийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авахаар тусгасан аж. 

Холбоотой мэдээ