Эрүүл мэндийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх механизм бий болгох саналаа танилцуулав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-05-21 12:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган өнөөдөр цахимаар хуралдлаа. Уг чуулганы нээлтийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалсан юм.


АНДЭЗНК нь Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. Уг комиссын 75 дугаар чуулганыг 2019-2020 онд Монгол Улс даргалсан юм. Энэ хугацаанд тус комисстой хамтран нийгэм, эдийн засгийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Хэнийг ч ардаа үлдээхгүй жигд хөгжлийг нэвтрүүлэх” уриаг дэвшүүлсэн ажилласныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.


Тэрбээр, “Аливаа улс орны эдийн засаг хөгжихөд нийгмийн олон асуудал орхигддог. Тиймээс эдийн засгийн хөгжил нь иргэддээ хүрдэг, эрүүл мэнд, боловсролын салбараараа дамжуулан иргэний амьдралын чанарыг сайжруулахад бүс нутгийн түвшинд анхаарах ёстой. Үүнд олон улсын байгууллагууд ч хөрөнгө оруулах хэрэгтэй. Боловсролтой хүн өөрийгөө тэжээх боломжтой байдаг тул хүний хөгжлийг дээшлүүлэхд анхаарч ажилласан. Дараагийн анхаарсан зүйл бол гэнэтийн гамшгаас хамгаалах асуудал. Гэнэтийн гамшгийн үед олон хүний амьдрал хүнд байдалд ордог. Орлого багатай иргэд гэнэтийн гамшигт өртсөнийхөө дараа амьдралаа сэргээхэд бусад хүмүүсээс илүү урт хугацаа шаарддаг. Тэгэхээр орлого багатай иргэдэд тусламж олгоход улс орон, бүс нутгийн түвшинд анхаарах ёстой юм. Улс орнууд зэвсэг, батлан хамгаалахын салбарт ихээхэн хөрөнгө оруулдаг. Мөн холбоотон орнууд “Түргэн байрших хүч” гэсэн цэргийн тусгай хүчнийг хүртэл хамтран гаргадаг байна. Харин өнөөгийн нөхцөл байдал буюу “COVID-19”-ийн үед “Эмнэлгийн түргэн байрших хүч”-ийг байгуулах ёстой гэсэн санал гарч байна. Хэрэв цар тахал анх дэгдэхэд энэ хүч байсан бол тахал ингэж их тархахгүй байх боломж байсан” гэлээ.


Эрүүл мэндийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх механизм бий болгох санал гаргаснаа Гадаад харилцааны сайд хэллээ. Тодруулбал, цар тахал зогссоны дараа улс орнууд хилээ хэрхэн нээж, худалдааны хамтын ажиллагаагаа яаж сэргээх вэ гэдэг нь асуулт хэвээр байгаа юм. Цар тахлын үед хүмүүс сэтгэлзүйн хувьд болгоомжилсон хандлагатай байгаа тул хил нээхэд эдийн засгийн харилцаа шууд сэргэхгүй. Тиймээс улс төр, цэргийн салбарт байдагтай адил улс орнуудын эрүүл мэндийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх механизм бий болгох хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, нэг улсын эмнэлгийн салбарын чадавхи, дүгнэлт, хорио цээрт нөгөө улсынх нь иргэд хүлээн зөвшөөрч, ойлгодог болсноор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа түргэн сэргэнэ хэмээсэн юм. 


Ийнхүү 76 дугаар чуулганыг Бангладеш улс 2020-2021 онд даргалах боллоо.


Ташрамд дурдахад, АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг 1989-1990 онд Гадаад явдлын яамны орлогч сайд Х.Олзвой, 55 дугаар чуулганыг 1999-2000 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа нар даргалж байсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа буюу 2019-2020 онд 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалсан юм.

Холбоотой мэдээ