“Их-7”-гийн уулзалтыг АНУ-д зохион байгуулах хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-21 11:38:55

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахлын улмаас цуцлаад байсан “Их-7”-гийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг цахимаар бус биечлэн зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж байгаагаа мэдэгджээ.


“Би “Их-7”-гийн уулзалтыг өмнө нь төлөвлөсний дагуу юм уу түүнтэй ойролцоо хугацаанд биечлэн зохион байгуулах талаар тунгаан бодож байна. Бусад гишүүн орнуудын хувьд хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар хэвийн амьдралдаа эргэн орж буйг илтгэх болно” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг Вашингтон хотоос холгүй оршдог Кэмп-Дэвид дэх өргөөндөө зургадугаар сарын 10-12-нд зохион байгуулахаар товлож байсан юм. Гэсэн хэдий ч коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан уг уулзалтыг гуравдугаар сард цуцалж, цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон билээ.


АНУ-д халдварын 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, 92 мянга гаруй хүн нас барсан хэдий ч Д.Трампын хувьд эдийн засгаа сэргээхийн тулд хязгаарлалтуудыг сулруулахыг эрмэлзэж байгаа юм. Цагаан ордон дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар хараахан мэдээлээгүй байгаа бөгөөд “Их-7”-гийн гишүүн орнууд ч мөн энэ талаар ямар нэгэн хариулт өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ