Мэргэжлийн хяналтын газрыг “Ахмадуудад ээлтэй байгууллага”-аар тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-20 13:58:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ахмадын хорооноос аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг “Ахмадуудад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж батламж гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол, 2019 оны 389 дүгээр тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн саналыг үндэслэн өөрийн төсөв, жил бүрийн үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын сан байгуулахаар журамласан.

Тус сан нь байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох, Цагаан сар, Ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг ахмад настанд түлш худалдан авахад нь зориулан жил бүр Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн дэмжлэг үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилготой.

Мэргэжлийн хяналтын газрын хувьд тус аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудаас анхдагч болж “Ахмадын сан” байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн тул ийнхүү өргөмжилсөн байна. 

Холбоотой мэдээ