Фронт С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-05-19 14:55:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тавдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ.

Шагналыг БХЯ-ны Газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дайнд оролцогчдын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, Дундговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар өнгөрөгч долоо хоногт Сайхан-Овоо суманд хөдөө гэрт нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ.

Тэрээр Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улсаас фронтод хүргэж өгсөн бэлгийн гуравдахь цувааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан дайны хүнд хэцүү цаг үеийг нүдээрээ үзэж, мэдэрсэн түүхэн хүн юм.

Өнөөдөр ховорхонд тооцогдох энэ хүнийг ОХУ баримтат кинондоо мөнхжүүлж, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд зурагт самбараар сурталчилж, 75 жилийн ойн медалиар шагнасан төдийгүй ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах зарлиг гарсан юм.

Тэгвэл Монгол Улс “Ахмад дайчин”-аар бүртгэн авч ийнхүү байлдаанд оролцогчийн үнэмлэх, 1,000,000 төгрөгийн хамт гардуулжээ.

Холбоотой мэдээ