Хүний хөгжлийн ордны нээлт боллоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-18 11:08:54

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын дөрөвдүгээр багт барьсан “Хүний хөгжлийн ордон” албан ёсоор нээлтээ хийлээ.

Дорнод аймаг өнгөрсөн жилүүдэд хүний хөгжлийн асуудлыг эн тэргүүнд тавьж, энэ бодлогын хүрээнд "Хүний хөгжлийн ордон"-г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж босгосон юм. Одоогоор тус ордонд аймгийн ХХҮГ болон зургаан төрийн бус байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Тодруулбал, тус ордны “А” байранд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар, Нийгмийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажилтан, Бариа заслын төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тус аймаг дахь салбар, Иргэдэд үйлчлэх танхим, Залуучуудын бизнесийг дэмжих “Старт-ап” төв, Ахмадын хороо, Монголын ХБИ-ийн байгууллагуудын үндэсний холбооны салбар, ХБИ-ийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зэрэг байгууллага төвхнөж, үйл ажиллагаагаа тохь тухтай орчинд явуулж эхэлжээ. Харин “B” байранд биеийн тамирын танхим, ахмадын чөлөөт цагийн төвийг байгуулсан байна.

Ордонг барьснаар аймгийн нийт хүн ам, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, ахмадууд руу чиглэсэн нийгэм, халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл хүмүүжил, спорт зэрэг олон талт цогц үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм. 

Холбоотой мэдээ