ХҮЙСИЙН ГОВЬД ТАТСАН ЦАГААН ЗУРААСНЫ ЭЗЭН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-06-02 19:16:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Хүйсийн говьд үд дундийн халуун нар төөнөж энд зэрэглээнээс өөр хөдлөх зүйл үгүй мэт нам гүмд дуниартана. Говийн зарим амьтдын идэш тэжээл болсон харгана, бударгана, нэрийг нь үл мэдэх хэсэг ургамал үзэгдэж, хэдэн зууны салхинд элс болон хувирах өнөөх олон ширхэг чулууд хөл доор дуугарахаас өөр аниргүй. Тэгтэл хамт явсан хүн маань “Тэнд бөхөн давхиж явна” гэлээ. Заасан зүг рүү нь харвал хуурай цагаан тоос зурайтал татсанаас өөр юм үзэгдсэнгүй. “Ховор амьтны барааг харж чадсангүй дээ” гэвэл машинд явсан хүмүүс “Тоосных нь барааг үзэхэд болно доо. Бөхөн их хурдан амьтан болохоор тодорхой сайн харахад бэрхтэй” гэх нь тэр. Ээрэм их говьд ижил сүргээсээ өөр нэгээхэн л амьтны бараа харвал их халууныг үл тоон эцэж цуцалгүй хурдлах, жавар тачигнасан хүйтэнд загийн хожуулаас өөр нөмөрлөх зүйлгүйгээр өвлийн саруудыг туулж давдаг энэ амьтан зөвхөн Монголын говь нутагт л бий.


“Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар монгол бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан, Завханы Дөрвөлжин сумдын нутагт судалгаа хийжээ. 2018 он гэхэд л идэш тэжээлийн хомсдол, байгаль цаг уурын таагүй нөхцөл, мялзан өвчний улмаас хорогдож 3800 орчим тоо толгой үлдээд байсан бөхөн энэ оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5070 орчим болж өссөн байна.


Өдгөө дэлхийд соргог бөхөн, монгол бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн бий. Монгол бөхөн нь ганцхан манай улсад л байдаг нэн ховор амьтан. Тиймдээ ч говийн экосистемийн чухал зүйлд тооцогддог хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн гайхамшигт зургаан амьтад”-ын нэгд орно.


Монгол бөхөн нь сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан гэдгийг судлаач, шинжээчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг “эрмэл” хэмээн нэрлэдэг байна. Тиймээс ч монгол бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг.


МОНГОЛ ГЭХ ТОДОТГОЛ




Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө буюу 2007 онд судлаачид монгол бөхөнгийн үс, арьснаас дээж цуглуулан генетикийн судалгаа хийж, монгол бөхөнг бие даасан төрөл зүйл бус Казахстаны бөхөнгийн дэд зүйл гэж тодорхойлсон байна. Гэвч зарим судлаачид үүний эсрэг байр суурьтай байсан юм. Ер нь бөхөнгийн ангилал зүйг тогтооход олон бэрхшээлтэй тулгарч байсан нь мэдээж.


Анх 1946 онд оросын судлаач А.Г.Банников монгол орны бөхөнг үсний өнгө, эврийн хэмжээ, биеийн хэлбэр болон гавлын ясны хэмжилтийн ялгаан дээр үндэслэн “Saiga mongolica” буюу бие даасан зүйл гэж тодорхойлсон байдаг. Гэсэн ч тун удалгүй судлаач Банников өөрийн дүгнэлтийг үгүйсгэж, хэсэг завсарласны хойно монгол бөхөнг “Saiga imberbis mongolica” гэсэн дэд зүйлд хамаатуулсан билээ. Үүнээс хойш олон эрдэмтэд судалгааны ажил явуулсан бөгөөд тэр бүгдийг нь нурших нь илүүц. Учир нь 2010 онд бөхөн нутагшдаг бүх орны Засгийн газар, шинжлэх ухаан, олон улс болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байв. Тус хурлын үеэр монгол бөхөнг бие даасан зүйл болохыг хүлээн зөвшөөрч талуудын гэрээг шинэчлэн найруулжээ. Ингэж дэлхийн өөр хаана ч үгүй бөхөн монголын говийн чимэг болон хатирч яваа гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн юм.




Энэ талаар “Байгал, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг”-ийн судлаач, биологич Б.Бүүвэйбаатараас тодрууллаа.


-Монгол бөхөнг ихэнх судлаачид бие даасан зүйл гэж үздэг. Гэвч зарим нь Казахстаны бөхөнгийн дэд зүйл ч гэж үзсэн хэвээр байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай ханддаг вэ?


-Бөхөнгийн ангилал зүйн асуудал 100 хувь шийдэгдээгүй. Одоо ч маргаан дагуулсаар буй. Зарим судлаачид бөхөнг хоёр дэд зүйл бий гэж дүгнэсэн бол зарим нь хоёр тусдаа зүйл гэдэг дээр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн хэвээр байгаа. Гэвч ихэнх эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд үндэслэн соргог бөхөн, монгол бөхөн гэх хоёр зүйл бий гэдэг дээр сүүлийн үед хүмүүс санал нэгдэх болсон.


-Аливаа нэг амьтныг тусдаа бие даасан зүйл гэж тодорхойлоход ямар шалгуурууд байдаг вэ?


-Олон шалгуур байдаг. Газарзүйн тархац болоод морфологи талаас нь авч үзнэ. Мөнхүү генетикийн судалгаагаар эцэслэн тогтоодог. Газарзүйн байршлын хувьд монгол бөхөн нь казахстаны бөхөнгөөс тусдаа, шинэ бие даасан зүйл гэдэг маш тодорхой харагдана. Мөнхүү морфологийн хувьд нэг жишээ хэлэхэд л монгол бөхөнгийн янзага 2,5 кг жинтэй байдаг бол казахстаны бөхөнгийн янзага 3,5 кг буюу асар их зөрүү гардаг. 


-Байгаль экологийн эрүүл байдлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой байдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?


-Монгол бөхөн мөстлөгийн үеийг давж эдүгээтэй золгосон нь монголын цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой. Учир нь гэвэл бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.


-Бөхөн ховордох болсон хэд хэдэн шалтгаан байдаг. Одоогоор тэдгээр шалтгааны эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?


-Анх бөхөн ховордох болсон шалтгаан нь бөхөнгийн эвэртэй холбоотой. Учир нь Хятадын анагаах ухаанд эмийн зориулалтаар их ашигладаг, дотоод халууныг бууруулдаг гэж үздэг. Тиймээс хууль бус ан агнуур бөхөнгийн тоо толгой хомсдоход ихээхэн нөлөөлсөн. Мөнхүү хүйтэн уур амьсгал, махчин амьтад зэрэг байгалийн хүчин зүйлс бий. Дээр нь 2017 онд бөхөнгийн мялзан өвчин анх удаа монголд гарч тоо толгой нь ихээхэн хорогдсон. Харин яг одоогоор ихээхэн эрсдэл учруулж буй зүйл нь бөхөнгийн тархац нутаг дахь малын тоо толгойн хэт их өсөлт юм. Сүүлийн судалгаагаар монголд 5000 гаруй бөхөн тоологдсон. Энэ ганцхан мянгат малчны малын тоотой л тэнцэх хэмжээний тоо. Тиймээс малчид малынхаа тоонд бус чанарт анхаарал хандуулж мал сүргээ өсгөх менежментийн зохицуулалт хэрэгтэй байна.


Монгол бөхөн болон түүнд учирч буй аюул заналыг хэрхэн бууруулах талаар байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэргээс цаг үргэлж бөхөнг нийтэд таниулан сурталчлах, тархац нутаг дахь бөхөнгийн судалгааг тасралтгүй хийж байна. Мөнхүү бөхөн олноор бэлчдэг нутагт байршилтай сумдын сургуулийн хүүхдүүдэд бөхөнг таниулах зорилготойгоор тусгай клуб байгуулсан. Сүүлийн үед олон нийтийн сүлжээг ашиглан олон ажлыг зохион байгуулж буйн нэг нь “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж байгаа “Бөхөндэй” аян юм.




-Өнгөрсөн жилд бөхөнгийн 70 гаруй хувь нь ихэрлэсэн гэх судалгаа гарсан. Мөнхүү та бөхөнгийн янзаганы талаар судалгаа явуулж байсан. Энэ талаар ярихгүй юу?


-Бөхөн олноор ихэрлэдэг боловч энэ байгаль цаг уурын хэлбэлзлээс шалтгаална. Тухайн жилд идэш тэжээл элбэг, цаг агаар дулаан, тааламжтай үед бөхөн олноор ихэрлэдэг. Эсрэгээр хоол тэжээлийн хомсдолтой, хүйтэн жилд бөхөн олноор ихэрлээд байдаггүй, тоо толгой нь багасах эрсдэл тохионо. Ер нь бол судалгаагаар бөхөнгийн ихэрлэлт доод тал нь 20 хувь, дээд тал нь 80 хувь гэж гарсан. Жил бүр хэдэн тооны янзага төрж, хэд нь эсэн мэнд үлдэж сүрэгтэй нийлж байна вэ гэдгийг судалдаг. Ихэнхдээ тухайн жилд төрсөн янзаганы 50 хувь нь л сүрэгтэй нийлнэ. Бусад нь махчин шувууд, үнэг зэрэг амьтдын хоол болдог.




-Монголд зээрийн төрлийн гурван зүйл амьтан бий, үүний нэг нь бөхөн. Бусад зээрийн төрлийн зүйл амьтдаас юугаараа илүү онцлогтой вэ?


-Тийм. Монголд цагаан зээр, хар сүүлт, монгол бөхөн гэсэн зээрийн төрлийн гурван зүйл амьтан бий. Монгол бөхөн нь дээр дурдсан бусад төрлийн зээрнээс хоёр зүйлээр ялгардаг байна. Нэгдүгээрт биеийн гадаад төрх байдал, том хамар, чих зэрэг нь болно. Харин хоёрдугаарт гэвэл зан төрхийн онцлог юм. Бөхөн нь аливаа амьтнаас үргэж, зугтахдаа бусад зээр шиг дээр үсэрч харайн давхидаггүй хатирч зугтаадаг байна. Энэ нь бөхөнг бусад туруутаны багийн амьтнаас ихээхэн ялгаатай, өвөрмөц онцлог шинжтэй болохыг илтгэнэ


БӨХӨНТЭЙ ХАМТ ӨГҮҮЛЭГДЭХ НЭГЭН ТҮҮХ




1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үед Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийг удирдаж ажиллахдаа, ховордсон амьтдыг судлах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан доктор, профессор С.Дуламцэрэн бөхөнг уугуул тархац газарт нь шинээр нутагшуулах санааг анх гаргажээ. Тухайн үед хэсэг газарт хэдэн зуу, зарим газарт бүр хэдхэн арваар л тоологдох бөхөнгийн сүрэг байгааг судалгаагаар тогтоож, өсгөн үржүүлэхгүй бол мөхөхийн даваан дээр байгааг онцлон тэмдэглэж байв. Тиймээс 1970-аад оны үед бөхөнг сэргээн нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан түүхтэй. Тэрхүү ажилд ОХУ-ын бөхөн судлаач эрдэмтэд ч оролцсон байдаг. Энэ тухай бөхөнг сэргээн нутагшуулах ажилд гар бие оролцож явсан доктор профессор С.Дуламцэрэнгийн шавь бөхөн судлаач, доктор Л.Амгалангаас тодруулахаар гэрийнх нь зүг хөдөлсөн юм.


Тэднийх холгүй, "Баруун дөрвөн зам" гээд л тодорхойлчиход болно. Хуучны "соц" үеийн хийцтэй таван давхар саарал байшин. Гэрт нь ороход, доктор Л.Амгалан хэдийн цэвэрхэн хувцаслаад өөрийгөө, ярих юмаа хүртэл бэлдчихсэн байлаа. Хананд нь хар сүүлт зээрийг уран зурагт буулгасан, шармал хүрээ бүхий жаазтай зураг өлгөөтэй харагдана. Мөнхүү зүүн талын хананд байх номын тавиурыг шинжвэл англи, орос, монгол хэлээрх амьтан судлал, байгаль орчин, генетикийн судалгааны сэдэв голчилсон бүтээлүүд байв. Харин одоо гол яриандаа орцгооё.


Л.Амгалан судлаачийн аав Ц.Лувсанжамба эх орны дайны үед цагаан зээр агнаж, цэргийн Улаан армийн цэргийн хүнсийг бэлтгэлцэж явжээ. Дайны хүнд жилүүдэд Оросын цэргүүдэд тусламж үзүүлэх нь иргэн бүрийн ухамсарт үйлдэл байсан цаг. Түүнээс ч хойш ан гөрөөнд их явдаг байсан бөгөөд чингэхдээ өөрийн дөрөв дэх хүү болох Л.Амгаланг үргэлж хажуудаа дагуулна. Тиймдээ Л.Амгалан багаасаа л хээр хөдөөгөөр явж, ан амьтан харж сэтгэл нь баясдаг хүүхэд болон өсжээ.


Түүнийг арван жилээ төгсдөг жил буюу 1973 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетэд “Агнуур зүйн анги” шинээр нээгдсэн байна. Л.Амгалан тэр үед зөвхөн тус ангид орох шийдвэрийг зориглон гаргажээ. Гэтэл Хэнтий аймагт тус ангийн ганцхан хуваарь очсоныг Биндэр суманд арван жил төгссөн Цэвээнмядаг гэдэг хүүхэд урьтаад авчихсан байв. Ингээд Л.Амгалан хойтон жил дахин шалгалт өгч, зөвхөн өнөөх хуваарийг авч хүссэн ангидаа орохоор шийдэх нь тэр. Үүнээс үзэхэд тэр “Агнуур зүйн анги”-д орох чин хүсэлтэй байсан бөгөөд ан амьтдыг судлах, тэднийг хайрлан хамгаалах сэтгэл бага наснаас нь эхлэн төлөвшсөн гэдгийг тус үйл явдал илтгэн харуулна. Харин түүний эл шийдвэрт багш нь нөлөөлжээ. Түүнд өөр ангийн хуваарь авч МУИС-д орохыг багш нь зөвлөсөн буюу тэнд очсон хойно сольчихож болно гэж хэлжээ. Л.Амгалан тооны хичээлдээ сайн сурагч байсан учир “Барилга инженерийн анги” сонгож их сургуульд хөл тавив. Сар гаруй хугацаанд тус ангид сурч байгаад “Ан агнуур зүйн” анги сонгосон боловч  “Барилга инженерийн анги”-д сурах хүсэлтэй нэг хүүхэд таарч хуваариа сольж орхих нь тэр. Одоо харин тэр хүүхдийг хэн байсныг огт санадаггүй гэнэ. Ингэж тэр хүсэл мөрөөдөлдөө хүрэх шинэ алхам хийсэн билээ. Ийнхүү доктор Л.Амгалан нэг жил сурсны хойно, гурван жилийн цэргийн албан татагдав. Дараа нь сургуульдаа үргэлжүүлэн сурч 1979 онд төгсөөд тухайн үеийн ШУА-ийн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнд хуваарилагдаж, судлаачийн ажлаа эхлүүлэв. Тэрхүү цаг мөчүүдэд ховор амьтдыг тав таван жилээр төлөвлөж судлахыг улсаас зааварчилж өгдөг байсан гэнэ. 1988 онд Л.Амгалан багийн бүрэлдэхүүний хамтаар “Говийн ховор амьтдын судалгаа” сэдвийн дагуу говь нутгийн амьтдын судалгааг хийхээр тийш зорив. Хэнтийгээс ирсэн залуу говийн ховор амьтдын судалгаанд хувь нэмэр оруулж, бөхөнгийн сүргийг үржүүлж, шинэ газарт нутагшуулах ажлын тэргүүн эгнээнд явах болсон нэгэн түүхийн эхлэл нь энэ юм.




Тухайн үед Сайд нарын зөвлөлийн “Ан амьтан баялгийг хамгаалах агналтыг журамлах зарим арга хэмээний тухай” 1979 оны I тогтоолын 2-р заалтын “в”-д “... бөхөн зэрэг ховор, ховордсон амьтдыг урьд байсан нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг төлөвлөгөөтэйгөөр зохиож байсугай” гэж цохон тэмдэглэсэн нь бий. Ийнхүү МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Д.Майдар даргын тушаалаар, өрөөнд нь дуудагдсан эрдэмтэд бөхөнг сэргээн нутагшуулах, судалгаа эхлүүлэх үүрэг даалгавар авчээ. Тэрхүү судлаачдын багт доктор, профессор С.Дуламцэрэн, тухайн үеийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн хээрийн судалгааны ангийн дэд эрдэмтэн Г.Н.Сапожников, Говийн их дархан цаазат газрын мэргэжилтэн Ж.Бадамханд, С.Пүрэвдорж, доктор Л.Амгалан зэрэг хүмүүс багтаж байв.


Ийнхүү Говь-Алтай аймгийн Баянбулаг сумын нутагт Суман хад хэмээх газрын ойролцоо бөхөнгийн янзага тэжээн үржүүлж байв. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар тухайн жилд төллөсөн бөхөнгийн янзаганы 50 хувь нь л сүрэгтэй нийлж, тоо толгой нь нэмэгддэг байна. Бусад нь ан амьтдын хоол болох, байгалийн шалгарлын явц болоод идэш тэжээл, элдэв өвчний улмаас эрсэддэг ажээ. Тиймээс бөхөнгийн янзагыг үржүүлж, уугуул нутагт нь сэргээн нутагшуулах нь хамгийн зөв ажлын нэг байсан хэмээн доктор Л.Амгалан хуучилна. Тэд 1985-1989 оны хооронд нийт 102 тооны бөхөнгийн янзага барьжээ. Энэ нь нэг жилд ойролцоогоор 10-12 тооны янзагыг барьж, нутагшуулж байсан хэрэг. Монголчууд эртнээс зэрлэг амьтан гаршуулж, тэжээж байсан хэдий ч тухайн үед эхлээд арчлахад нэн хэцүү байсан гэдэг. Дотроо урсгал ус, өвс ногоотой уужим том торон хашаа барьж янзагануудыг тэжээж байсан ч эхэн үедээ нялх янзага хашлага мөргөж толгой, бие нь шархлах, нүд нь гэмтэх, элдэв өвчин тусах нь элбэг байж. Гэвч тэд янзагыг барьмагц урьдчилан сэргийлэх тарилга хийснээр өвчнөөс бүрэн сэргийлж чадсан байна.




Бөхөнгийн янзагыг нутгийн малчдын тусламжтайгаар ямаанд хөхүүлж, өсгөдөг байжээ. Энэхүү саналыг нутгийн малчид гаргасан гэдэг. “Бөхөнгийн янзагаа байнга угжих хэцүү, хаанаас байнга сүү авчирч өгөх вэ? Түүний оронд ямаанд хөхүүлчих. Гэдэсний өвчнөөр лав үхэхгүй болов уу” гэж малчид зөвлөв. Энэ нь ч тун амжилттай хэрэгжсэн юм. Ямаа эхлээд цааргалах боловч, сүүлдээ янзагандаа дассан байна. Малчид хурга, ишигнийхээ гэдсийг гаднаас нь тэмтэрч үзээд цадсан эсэхийг нь тодорхойлдог. Судлаачид ч мөн тэрхүү аргаар янзаганы цадалтыг мэддэг байсан гэнэ. Ингээд таван жил өнгөрөхөд нэг ч бөхөнгийн янзага эндсэн тохиолдол гараагүй аж.


Түүнээс хойш Говь-Алтай аймгийн Захуй, Баянбулагт нийт 54 толгой бөхөнг хээр суллан тавьж нутагшуулжээ. Тэдгээр нь өөрсдөө төллөж, өсөж үрждэг болсноос хойш дахин Шаргын говиос янзага аваачиж нутагшуулахаа нэгэнт болив. Нөгөөтэйгүүр, 1990-ээд оноос улс төрийн байдал өөрчлөгдөж, засаг солигдсон учир санхүүгийн асуудлаас шалтгаалан бөхөнг шинээр нутагшуулах ажил зогссон байна. Ямартай ч Оросын судлаачидтай гар бие оролцож эхлүүлсэн тус ажлыг монгол эрдэмтэд зохион байгуулснаар алдаа, оноогоо өөрсдөө бий болгов. Гэвч эцсийн эцэст оносон нь их байлаа. Учир нь тэжээж бойжуулсан монгол бөхөн гэрийн нөхцөлд ч, байгальд ч тэр хэвийн үржиж өсөх боломжтойг энэхүү туршилтаар нотлон харуулсан юм. Тиймдээ ч бөхөнг өсгөн үржүүлж, нутагшуулах бүрэн боломжтой гэх түүхэн үр дүн бий болжээ.


ДУРСАМЖ ДОТОРХ ЯРИА




Л.Амгалан доктор говийн ховор амьтад тэр тусмаа бөхөнгийн талаар судалгаа хийх, уугуул тархац нутагт нь сэргээн нутагшуулахын тулд олон жил ажиллаж, хэдэн зуун хүнтэй уулзаж, говиор гэр хийж явжээ. Энэ тухайгаа тэрбээр “ мөн чих явсан даа” гэх тайвуухан хариулт хэлээд инээмсэглэж суух.


Ямаанд хөхүүлж тэжээсэн бөхөн том болсон хойноо ч хүнтэй ойр байж, араас нь дагах, гар дээрээс нь ааруул хурууд аваад идчихдэг байж. Харин тэрхүү тэжээвэр бөхөнгийн янзага нь хүний бараа харав уу, үгүй юу тээр хол руу хатиран оддог байсан гэх. “Тэжээсэн бөхөнгөөс маань гарсан төл хүнтэй огт ойртох шинж байгаагүй. Амьтдад өөрийн гэсэн зөн, мэдрэхүй байдаг. Түүнийг нь бөхөн сэргээн нутагшуулах явцдаа энэ мэт байдлаар олон удаа харж билээ” хэмээн Л.Амгалан доктор хуучилна.


Мөнхүү дээр үед малчид бөхөн “бузар амьтан” хэмээж агнах, мал сүрэгтэй ойр байлгахаас ихээхэн цээрлэдэг байв. Учир нь бөхөн дээхнэ цагт тэнгэрт одсон хүнийг ил тавьдаг газарт олноор сүрэглэн бэлчдэг байсан гэх нь бий. Тиймдээ ч нутгийн малчид “хүний яс мэрдэг, бузар амьтад” гэж үздэг байв. Гэвч судлаачдын үзэж буйгаар энэ нь тэс ондоо учир шалтгаантай юм. Бөхөн маш соргог амьтан, махан идэшт шувууд, араатан амьтдаас өөрийгөө хамгаалахын тулд хурдан хөлөндөө л найдах хэрэг гарна. Мөнхүү хүн малын бараанаас хол бэлчээрлэх тайван газар нь “чимээгүй хот”-ын ойр орчим байсан болов уу гэж судлаачид үздэг. Малчид тийш малаа бэлчээдэггүйн учир өвс ногооны гарц сайн байсан нь бөхөнгийн сүрэг тааваараа идээшлэх дахин нэг боломж бүрдсэн хэрэг.


Нөгөөтэйгүүр, Л.Амгалан доктор судлаачдын ярианаас нэг сонирхолтой хэсгийг нь бас сонирхуулсан юм. Бөхөнгийн тархац нутагт цас ихээр унасан нэг жил судлаачид өвс аваачиж тавьжээ. Гэтэл бөхөнгүүд хангай газраас аваачиж тавьсан шим шүүстэй өвсөнд хошуугаа хүргээгүй байна. Яг л өөрийнх нь иддэг өвс тэжээл байсан ч газар нутгийн онцлог ямар их ач холбогдолтой болохыг энэ явдал сануулна.


Бөхөнгийн эврийг дотоод халууныг бууруулдаг гэж үздэг учир хятадын анагаах ухаанд ихээр хэрэглэх болсноор хулгайн ан агнуур ихсэх болжээ. Дээр үед хятадууд монголчуудад цай хийдэг домбо худалдаалдаг байв. Түүнийгээ жинлүүр дээр хэмжиж үнэ тогтоодог байжээ. Тиймээс ч домбыг хүнд болгохын тулд гадна талын бүслүүрт нь нууцаар төмөр цутгадаг байж. Үүнийг нь мэдсэн монголчууд бөхөнгийн эврийг сольж наймаалцахдаа худалдаачдад үл мэдэгдэхүйц байдлаар эвэр доторхийг хөндийлж ухаад, оронд нь тугалга цутгаж зөрүүлэн наймаалцдаг байсан гэх яриа бий.


ХАРИУЦЛАГА БАС ҮҮРЭГ




Бөхөнгийн тоо толгой өмнөх жилүүдийнхээс өсөж 5070 орчимд хүрсэн гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Гэвч энэ нь нэг л мянгат малчны малын тоотой тэнцэх тоо. Тиймээс ч энэхүү тоо толгой нь нэг удаагийн зуднаар эсвэл халдварт өвчнөөр тэр чигтээ устах аюултай байдалд байгаа юм. Учир нь бөхөнгийн тоо толгой өссөн гэх тэдгээр жилүүдэд цаг уурын амьсгал бөхөнд ээлтэй байснаас гадна, идэш тэжээлийн хомсдолд өртөх аюулаас хол байсантай холбоотой. Дээр нь хууль бус ан агнуур ч мөн гарсаар буй. Эврээсээ болж хядуулдаг бөхөнгийн сүрэгт энэ нь маш ноцтой асуудал авчирдаг. Учир нь зөвхөн эр бөхөнд эвэр ургадаг байна. Тиймээс эрийг нь түүж агнана гэдэг тухайн бөхөнгийн сүргийн бүтцийг алдагдуулах, шаргачин сувайрах зэрэг эрсдлийг бий болгоно. Их мөстлөгөөс амьд үлдэж өнөөдрийн зуунтай золгосон энэ ховор амьтан эврээсээ болж хядуулах нь даанч харамсалтай.


Монгол бөхөн өвсний сайныг шилэн бэлчээрээ ойр, ойрхон сольдог ч хол нүүдэллэдэггүй онцлогтой амьтан. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглээд, урин дулааны цагаар бутран тардаг нь сонин. Тиймдээ ч өдгөө тархац нутагт нь жил бүр хэдэн зуугаар нэмэгдэж, идээшлэх болсон малын тоо толгойн өсөлт, “бөхөнг бэлчээр тахалдаг амьтан” гэж үзэх малчдын буруу хандлага бөхөнгийн өсөлтөнд илт нөлөөлж буйг судлаач, биологич Б.Бүүвэйбаатар мөн онцлон дурдсан юм. Судалгаагаар монгол бөхөн нь 28-30 орчим зүйл ургамлаар идэшлэдгийг тогтоосон байдаг. Голлох тэжээлийн ургамлын бүрэлдэхүүнд монгол өвс, таана, баглуур эзлэх зэрэг орох болов ч энэхүү сонголт нь улирлын байдлаас хамаардаг. Учир нь мал эдгээр ургамлуудыг илүүтэй сонгон иддэг үе монгол бөхөнгийнтэй зөрдөг ч тохиолдол бий гэсэн үг. Жишээбэл нэг зүйлийн баглуурын халуун чанартай үед нь мал иддэггүй байхад бөхөн тухайн үед илүүтэй идэх бий. Ер нь зэрлэг амьтдаас бэлчээр булаацалдана гэдэг зөв үйлдэл мөн үү гэдгийг тунгаан бодох цаг болсон.


Манай орны хувьд нэн эртний үүсэлтэй амьд эрмэл амьтан бол монгол бөхөн. Мөнхүү зөвхөн монголын говиос өөр хаана ч үгүй тийм ховор амьтан. Байгалийн шалгарлыг тэсч, мөстлөгийн үеийг туулж гарсан энэ амьтан бидний буруутай үйлдлээс болж устах ёсгүй. Бид ч мөн “Монгол бөхөн устах ёсгүй” гэж ярьж суух нь нэг хэрэг. Харин бөхөнг хамгаалах үйлсэд гар бие оролцох, нийтэд бөхөнгийн талаар сурталчлан таниулах зэрэг ажлыг дор бүрнээ хийх нь тэс өөр хэрэг.




Бөхөнгийн тоо толгой хомсдоход хүргэж буй шалтгаанууд бүрэн арилсангүй. Тиймээс бөхөнгийн тоо толгой өссөн нь сайн ч гэлээ сэтгэл амар, гар хумхиж суух үйл явдал огтхон ч биш гэдгийг судлаачид онцлон анхааруулсаар байгаа билээ. Хууль бус ан агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлт, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. Тийм ч учраас бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган зуд, хоол тэжээлийн хомсдол, халдварт өвсний эрсдлийг бууруулах боломжтой хэмээн судлаачид дүгнэж байна. Мөнхүү бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хуул бус ан агнуурыг бууруулах ажлыг хийх нь дэлхийд ганцхан бие даасан төрөл зүйл болох монгол бөхөнг мөхлөөс аврах арга зам билээ.

Холбоотой мэдээ