Оросын цэргийн гурван онгоцоор 346 сонсогч өнөөдөр эх орондоо ирнэ

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-13 12:40:04
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 346 сонсогч эх орондоо ирэх бөгөөд эхний онгоц 13:15 цагт Улаанбаатар хотноо газардахаар төлөвлөж байна.  


Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд "Covid-19" халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авах аж.


"ОХУ-аас халдварын хавьтал болсон хүүхдүүд ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч бий. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч халдвар илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаас шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудын дөрвөн багийг бэлтгэсэн" хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ