Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-12 18:46:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Тус төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх юм.


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр барих ажил хийх юм байна.  


Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх юм. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.


Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал дэмжигдсэнээр хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ