Аялагч Б.Сарантуяа тусгаарлалтын хугацаагаа дуусангуут Эрдэнэт хоттой танилцахаар дахин иржээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-07 15:05:10
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолборт 14 хоногийн тусгаарлалтад байсан Б.Сарантуяа Орхон аймгийн Онцгой комиссын гишүүд болон эмч, Онцгой байдлын алба хаагчдад баяр хүргэж талархлаа илэрхийллээ.

Тэрээр ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжиж Орхон аймагт ирсэн бөгөөд “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт тусгаарлагдсан 207 иргэний нэг нь юм. Тусгаарлалтын хугацаанд Б.Сарантуяа эмч нарын заавар, зөвлөгөөг сайн дагаж улмаар Улаанбаатар хотод буюу гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлажээ. Ийнхүү тусгаарлалтын хугацаа дуусангуут Эрдэнэт хоттой танилцахаар ирсэн байна.  



Тэрээр “25 насандаа 25 улсаар аялъя”  уриатайгаар гадаадын олон оронд аялж, аяллын сониноосоо нэвтрүүлэг бэлтгэж цахим орчинд түгээдэг. Энэ удаа Орхон аймгаас нэвтрүүлгээ бэлтгэхээр ирэхдээ тусгаарлалтын багт ажилласан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж талархлаа илэрхийлэн Эрдэнэт хоттой танилцсан юм.

Б.Сарантуяа анх гуравдугаар сард тусгаарлалтын байранд байрлаж өдрийн таван удаагийн хоолоор үйлчлүүлж өдөр бүр халуунаа хэмжиж, эмч нартаа биеийн байдлын мэдээллээ цаг тутамд хэлж иргэнийхээ үүргийг сайтар биелүүлсэн байна. Ийнхүү эмнэлгийн болон гэрийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа Эрдэнэт хотоор аялж дараагийн нэвтрүүлгээ бэлтгэжээ.

Аялагч Б.Сарантуяа хэлэхдээ, “Эрдэнэт хот бол маш цэвэрхэн, цэгцтэй, зохион байгуулалт сайтайгаас гадна тусгаарлалтад ажиллаж байсан эмч, цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид найрсаг, хариуцлагатай байсан” гэж хэлж байлаа. Түүнийг эмнэлгийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулж байгааг цахимаар мэдээлэл авч Эрдэнэт хоттой танилцах хүслийг нь улам дэвэргэж байсан гэлээ. Тэрээр өмнө нь Эрдэнэт хотод ирж байгаагүй ажээ. 




Холбоотой мэдээ