Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох дадлага сургууль хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-07 08:33:18
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоолоо. Өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд тус дүүрэгт явган хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. 


Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – Хүрд компанийн уулзварыг хамруулан нийт 63.9 км газарт тогтоож Чингэлтэй дүүрэгт оршин суугч 150 мянган иргэн, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд хязгаарлалтад оров.


Хөл хорионы үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08.00 цагаас өмнө явах, орой 18.00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалт хийхийг зөвлөж байгаа бөгөөд сургуулилт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж эхэллээ.


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпын гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамж руу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймээс Элчингийн гудамж руу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулав.


Түүнчлэн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвд хээрийн эмнэлэг дэлгэх дадлагууд тус тус зохион байгууллаа.





Холбоотой мэдээ