Сум дундын эмнэлэгт нярайн шарлалтын иж бүрэн төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-06 11:46:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хувьд жилд дунджаар 100-130 хүүхэд шинээр төрдөг байна. Эдгээр шинэ төрсөн хүүхдүүдийн 40-50 хувьд нь нярайн шарлалт тохиолддог аж.

Иймд сумандаа шинээр төрсөн хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Нярайн шарлалт хэмжих багаж", "Нярайн шарлагын аппарат", "Нярайн жин" зэрэг тоног төхөөрөмжийг сумын удирдлагуудын зүгээс шийдвэрлэсэн байна. Дээрх багаж төхөөрөмжийг худалдан авахад нийтдээ орон нутгийн хөгжлийн сангийн 8.5 сая төгрөг зарцуулсан байна. Энэхүү багажийг Хөтөл сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр буюу Эх баригчдын баярын өдөр болжээ.

Сүүлийн жилүүдэд шинээр төрж буй нярай хүүхдүүдийн дунд нярайн шарлалт ихээр нэмэгдэх болсон байна. Энэ нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг учраас цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүйгээс үүдэлтэй аж. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдгоос ийн шарлалт явагддаг гэнэ. Энэ нь хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газраар шар туяатай болох шинжээр илэрдэг байна. Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд, 14-30 хоногийн дотор арилах ёстой аж. Харин арилахгүй удсан тохиолдолд "Нярайн шарлагын аппарат" ашиглан шарлалтыг бууруулдаг юм байна. 

Холбоотой мэдээ