Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-04 16:06:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд тусгах саналаа нэгтгэжээ. 


УИХ-ын тухай хуульд, УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байхаар тусгах санал гаргаж байгааг тус зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд дуулгав. Тэрбээр, “УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амлалт өгч, итгэлийг нь авчихаад бүрмөсөн мартдаг. Тиймээс УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдарч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Ингэснээр, УИХ-ын гишүүн олон хүнд хүрч ажиллах шаардлагатай болно. Яаралтай үед УИХ-ын гишүүдийг шуурхай татаж хуралддаг байхаас гадна шинэ дэгээр цахимаар хуралдах боломжтой” хэмээв. 


Мөн ХЗБХ-ны лхагва гарагийн хуралдаанаар, УЕП-ын мэдээллийг сонсохтой холбогдуулан УИХ-ын таван гишүүнээс шалгуулахаар өгсөн 23 хэргийн талаар нээлттэй сонсгол болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгов. Тэрбээр, “Зарим УИХ-ын гишүүд прокурорын мэдээллийг сонсохгүйгээр хаврын чуулганыг завсарлуулах сонирхолтой байна. Тиймээс ШИНЭН-ын зөвлөлөөс хаврын чуулганыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх буюу тавдугаар сарын 25 хүртэл хуралдуулах саналтай байна. Энэ хугацаанд УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах ёстой” хэмээв. 


Түүнчлэн УИХ-д Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр төслийг хамтатган хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлэв. Үүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгчид хариуцлага тооцдог сахилгын хороо байгуулах саналтай байгаагаа дуулгалаа. 

Холбоотой мэдээ