Евро бүсийн эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-01 12:12:40

БРЮССЕЛЬ. /Reuters/. COVID-19” цар тахлын улмаас улс орнуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Евро бүсийн эдийн засаг энэ оны эхний улиралд түүхэнд байгаагүйгээр агшжээ. Эдийн засагчид уг үзүүлэлтийг хоёрдугаар улиралд улам суларна хэмээн таамаглаж байна.


Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар буурсан нь санхүүгийн хямралын үеийнхээс сул үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд Франц, Испани дахь эдийн засгийн өсөлт огцом буурчээ. Германд ажилгүйдлийн түвшин өссөн боловч бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага хэвээр байгаа ажээ.


Францын хувьд ДНБ 5.8 хувиар буурсан нь тус улсад энэхүү үзүүлэлтийг 1949 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн их бууралт болжээ. Мөн Испанийн эдийн засаг 5.1 хувиар, Италийн эдийн засаг 4.7 хувиар агшжээ. Одоогоор Герман тэргүүтэй бусад орон эдийн засгийн үзүүлэлтүүдээ хараахан танилцуулаагүй байна.


Үүнээс гадна АНУ-ын эдийн засаг өнгөрсөн улиралд 4.8 хувиар буюу сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр агшсаныг лхагва гарагт танилцуулсан албан ёсны үзүүлэлтүүд харуулсан билээ. Цар тахал дэгдсэн энэ үед АНУ-д 30 сая орчим хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан байна.


“Евро бүсийн эдийн засгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сард огцом буурсан тул хоёрдугаар улирлын үзүүлэлт мөн сулрах төлөвтэй байна” гэж Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгджээ. Түүний хэлснээр, Европын бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурч болзошгүй ажээ. Мөн тэрбээр, Европын Төв банк цар тахлын нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ