Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой хэрэгжих эрхзүйн орчин бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Дээрх хуулийг ноднин 11 сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Н.Учрал нарын 11 гишүүн боловсруулсан юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байна. Төслийг баталснаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлого батлах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцэрнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдийн чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдыг хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүнтэй юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй болон найруулгын 20 гаруй санал боловсруулжээ. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт нэмэх саналыг дэмжлээ.
Мөн төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд саналаа илэрхийлэх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэхийг дэмжлээ. Түүнчлэн “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө УИХ-д албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмэх болов.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.