С.Бямбацогт: УИХ-ын гишүүн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-30 12:35:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний боловсруулсан уг төсөл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын тухай хуулийг нийцүүлэх зорилготой. Энэ хүрээнд хуулийн төсөлд УИХ-ын зорилт, чиг үүрэг, бие даасан байдлыг хангах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлжээ.


Хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 28-ны хуралдаанаар хэлэлцэж, ажлын багаас  гаргасан зарчмын зөрүүтэй 14, найруулгын гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүүдийн олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтжээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний тангарагийг өөрчлөн найруулах саналтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, УИХ-ын гишүүний тангарагт "нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ" гэж тусгасан. УИХ-ын гишүүд үүнийг уншихдаа таслалыг нь орхиж, "нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэнэ" гэж уншдаг. Тиймээс энэ үгийг хасах санал гаргажээ. УИХ-ын гишүүн Монгол Улсынхаа эрх ашгийг эрхэмлэхээс биш нийт иргэн улсын ашгийг эрхэмлэнэ гэж байж болохгүй гэлээ.


Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "1992 онд баталсан Үндсэн хуульд заасан энэ үгийг хасвал УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тодорхой тойргийнхоо эрх ашгийг төлөөлдөг болно. Тиймээс энэ үгийг хасах боломжгүй" хэмээн тайлбарлав. Мөн тэрээр, хуучин тангараг дээр "төрт ёс, түүх соёлынхоо уламлалыг хүндэтгэн" гэж үг нэмснийг онцлов. Түүнчлэн  УИХ-ын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор, "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", "тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж нэмж тусгасан гэж байлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ" гэдгийг хэлэхдээ таслалыг нь илэрхийлж дунд нь зай авч хэлэх ёстой гэдгийг хэлж байв.


Ингээд ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 14, найруулгын гурван саналаар санал хураан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ