“Ford” компани 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-04-29 11:44:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани энэ оны эхний улиралд 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, орлого нь эрс буурсан тухай мягмар гарагт нийтэлсэн тус компанийн тайлан мэдээнд дурджээ


“Ford” компани нэгдүгээр улиралд 34.3 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлт аж. Тайлант хугацаанд компанийн бөөний худалдааны хэмжээ 2019 оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 21 хувиар буурсан байна.


“Коронавирусний цар тахлын улмаас “Ford” компанийн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үзүүлэлтүүд эрс буурлаа. Манай компани “хямралын үед хүмүүсийг хамгаалах, нийгэмд туслах” зорилгыг өмнөө тавиад байна” гэж тайлан мэдээнд тэмдэглэжээ. Тус компани түргэн тусламжийн олон зуун машин, хэдэн сая амны хаалт, 50 мянган амьсгалын аппарат үйлдвэрлэхээ амласан юм.


Үүний зэрэгцээ тус компани 15 тэрбум гаруй ам.долларын зээлийн шугамыг татан авч, 8 тэрбум ам.долларын өр төлбөрийг барагдуулжээ.


Холбоотой мэдээ