АНУ-ын өр өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-24 10:21:30

МОСКВА. /TASS/. АНУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ 24.5 их наяд ам.долларт хүрсэн тухай "CBS" телевиз мэдээлжээ.  

 

Нэгдүгээр сарын 1-нээс хойш улсын өрийн хэмжээ 1.5 их наяд ам.доллароор өсжээ. Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг даван туулахад зориулж олон их наяд ам.долларыг зарцуулж байгаатай холбоотойгоор улсын өрийн хэмжээ нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт илэрхийлсэн билээ. 

Цар тахлын улмаас учирсан хохирлыг багасгах зорилгоор 2 их наяд ам.долларын эдийн засагт дэмжлэг үзүүлэх арга хэмжээний тухай хуульд Д.Трамп 3 дугаар сарын сүүлчээр гарын үсэг зурсан юм. Энэхүү тусламжийн багцийг ажилгүйчүүдэд тэтгэмж олгох, эмнэлгүүд болон бусад хэд хэдэн салбарт дэмжлэг үзүүлэхэд зарцуулах ажээ. 

Цар тахлын улмаас улсын болон компаниудын өрийн хэмжээ урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрч өснө гэдгийг "The Washington Post" сонин өмнө нь онцлон тэмдэглэжээ. Ингэснээр коронавирусний цар тахал дэгдэж дууссаны дараа ч эдийн засагт эрсдэл үүснэ гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн холбооны төсвийн зарлагын хэмжээ орлогоосоо 4 их наяд ам.доллароор давна гэж шинжээчид таамаглав.

 

Харин Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, коронавирусний тархалттай тэмцэх арга хэмжээнүүдийн улмаас АНУ-ын өрийн хэмжээ 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 131.1 хувьд хүрч өсөх аж. АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Эдийн засгийн дүн шинжилгээний товчооны мэдээлэлд дурдсанаар, АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны сүүлчээр 21.73 их наяд ам.долларт хүрсэн байна. 


Холбоотой мэдээ