Цар тахалтай тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 2.5 сая хүн өвдөж, манай улсад 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд дэгдсэн энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.
Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн буюу 4 бүлэг 19 зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ. Тухайлбал, СОVID-19 цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаар тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн СОVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын баг байгуулах үеэр тодорхой санал хүргүүлэх, төслийн зарим зүйл, заалтыг засаж сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, цар тахлын улмаас орон гэргүй болсон иргэдийг орон байр, хоол хүнс, ундны усаар хэрхэн хангах, хүнсний талон өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.