Зөгийн балаа Япон улс руу экспортолдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-22 15:55:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сум зөгийн аж ахуй хөгжүүлэн иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж байгаа юм. Зөгийчин Б.Гэрэлмаатай уулзаж ярилцлаа.


          - Зөгий үржүүлэхэд эрс тэс уур амьсгалтай нөхцөлд бэрхшээлтэй байдаг байх. Өнгөрсөн өвлийг зөгийн сүрэг хэрхэн давсан бол?

         - “Дэлхийн зөн” олон улсын байгууллага нэг хүнд нэг бүл зөгий өгч байсан. Тэгэхэд анх зөгийчин болж 2016 оноос зөгийн аж ахуй эрхэлж байна. Одоо ОСИКА олон улсын байгууллагын төсөлд таван хүний бүрэлдэхүүнтэй бүл байгуулан оролцож түүнийг ахлан ажиллаж байна. Энэ жилийн хувьд зөгийгөө маш сайн өвөлжүүлж нэг ч хорогдол гаргаагүй. Одоо хаврын арчилгааны ажлаа хийгээд явж байна. Бургас гөлөглөж байгаа үед голын шугуйд бэлчээдэг юм.

          - Зөгийн балны борлуулалт ямар байна вэ?        

        - Манайх зөгийн балаа бүрэн борлуулсан. ОСИКА олон улсын байгууллагатай хамтран ажиллаж Япон улс руу борлуулж байна. Байгалийн цэвэр цэцгийн бал учир хэрэглэгчид их авч байгаа.

- Хэдэн бүл зөгий үржүүлж байна вэ?

- Манай таван гишүүнтэй бүл гэхэд нэг хүн нэг бүл зөгийтэй үйл ажиллагаа эхэлж байсан бол одоо 3-4 бүл зөгийтэй болсон. Энэ жилийн хувьд зөгийн хорогдол гараагүй болохоор урамтай сайхан байна. Төслийн шугамаар тоног төхөөрөмжөөр хангасан. Зөгийн аж ахуй эрхлэхэд дутагдах зүйл байхгүй. Сүүлийн жилүүдэд өрхийн орлого нэмэгдэж амьжиргаа сайжирч байна. 

Холбоотой мэдээ