Миссури муж улсын эрх баригчид БНХАУ-ыг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-22 10:31:01

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Миссури муж улсын эрх баригчид коронавирусний цар тахалд БНХАУ-ыг буруутган шүүхэд өгчээ.  


“Хятадын Засгийн газар “COVID-19”-ийн халдвар, аюулын талаар дэлхий нийтэд худал хэлж, гомдол гаргасан хүмүүсийг дуугүй болгосон бөгөөд өвчний тархалтыг зогсоохын тулд юу ч хийгээгүй. Тэд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж Миссури муж улсын Ерөнхий прокурор Эрик Шмитт мэдэгдсэн байна.


Шүүхэд гаргасан гомдолд Хятадын эрх баригчдыг "олон нийтийг хууран мэхэлсэн, чухал мэдээллийг нийтлээгүй, гомдол гаргагчдыг баривчилсан, вирус хүнээс хүнд дамжин халддагийг үгүйсгэсэн, эмнэлгийн судалгааг устгасан, олон сая хүн вирусээр халдварлах нөхцөлийг бий болгож, урьдчилан сэргийлж болох байсан цар тахлыг дэгдээсэн" гэж буруутгажээ. Хятадын эрх баригчид эдгээр болон бусад зүйлд буруутгасныг няцаасан байна.


Миссури муж улсын эрх баригчид мөн халдварын тархалтын эхэн үед вирус гадагш тархахаас урьдчилан сэргийлээгүй гэж Хятадыг буруутгасан байна. Нэгдүгээр сарын 1-нд халдвар дэгдсэн Ухань хотоос 175 мянган хүн бусад хотууд руу гарчээ.  


Цар тахал зөвхөн өвчин зовлон, үхэл дагуулаад зогсохгүй олон хүнийг ажлаа байраа алдахад хүргэсэн гэж Миссури муж улсын эрх баригчид мэдэгдсэн байна. “Олон нийтийн эмх журмыг алдагдуулсан”, “маш аюултай үйлдэл гаргасан” болон “үүргээ биелүүлээгүйн” төлөө нөхөн төлбөр олгохыг тэд БНХАУ-аас шаарджээ. Гомдол мэдүүлэгчид яг хэдий хэмжээний нөхөн төлбөр шаардаж буйгаа дурдаагүй байна.


Энэхүү нэхэмжлэл нь АНУ-ын шүүхэд амжилт олох магадлал бараг байхгүй юм. Учир нь гадаадын эрх баригчдын тодорхой үйлдлүүд АНУ-ын эрүүгийн болон иргэний шүүхэд хамаарагдахгүй байх бүрэн эрхийн тухай зарчмыг Америкийн шүүхүүд баримталдаг байна.


Холбоотой мэдээ