“Монгол орны хөгжилд” чуулган болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-03 16:30:12

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, БН Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулганыг 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Парис хотын алдарт Галерей Ла Файет Их дэлгүүрийн хурлын танхимд зохион байгууллаа.

Чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, түүнчлэн дэлхийгээр тархан амьдарч байгаа монгол угсаатан ахан дүүст чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Чуулганд Франц, Англи, Итали, Герман, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 12 илтгэгч аялал жуулчлал, соёл урлаг, архитектор, мэдээллийн технологи, оюуны өмчийн салбаруудад Монгол Улсад нэвтрүүлэхүйц шилдэг туршлага, саналын талаар илтгэл танилцуулсан ба Монгол, Франц, Герман, Их Британи, Бельги, Итали, Нидерланд, Турк, Швед, Турк, АНУ, Ирланд, Унгар, ОХУ, Япон, Швейцар зэрэг орнуудаас нийт 140 гаруй төлөөлөгч оролцсон болно.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн чуулганд оролцогчдыг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзан монгол иргэдийнхээ санал бодлыг сонсож, чөлөөт яриаг хамтдаа өрнүүлэв.

Чуулганы дэд хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сарын 29-нд Европын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй монгол холбоод, үүсгэл санаачлагын байгууллагуудын тэргүүн нар уулзан өөрсдийн үйл ажиллагаа, зорилгын талаар түс бүр товч танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал бодлоо хуваалцсан болно. Энэхүү уулзалтад Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг гадаад сурталчилгааны чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, үр дүн, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Холбоотой мэдээ