Иргэд хорио цээрийн дэглэмийг сайтар биелүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан хүн байхгүй гэж мэдээлэв.
Харин холбогдох байгууллагууд гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийг хянаж байна. Сэргэлэн сумын нэг иргэн өнөө өглөө гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөнийг илрүүлж, хугацааг нь дуустал сумын эмнэлэгт тусгаарлажээ.
Цагдаагийн газраас иргэдийг амны хаалт тогтмол зүүж, гараа угааж ариутгах, шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг чанга яригчаар өдөр бүр сэрэмжлүүлж байна. Нэг үе назгайраад байсан олон нийт анхаарал сэрэмжээ сайжруулж, амны хаалтаа тогтмол зүүхээс гадна амралтын өдрөөр ч Чойбалсан хотод хөл хөдөлгөөн бага байгаа нь сайшаалтай юм. Хэрлэн сумын наймдугаар цэцэрлэгийн туслах багш нар хүүхдүүддээ амны хаалт оёж, эхний ээлжинд 360 ширхэгийг бяцхан шавь нартаа тараан өгч байна.