Афганистаны эрх баригчид “Талибан”-ы гишүүдийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Афганистаны эрх баригчид хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний 361 гишүүнийг шоронгоос суллалаа гэж тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жавид Фейсал мэдээлжээ.
“Засгийн газар Ерөнхийлөгчийн гуравдугаар сарын 11-ний өдөр гаргасан зарлигийн дагуу “Талибан”-ы 361 хоригдлыг Баграм шоронгоос сулласан. Тус хөдөлгөөний 1500 гишүүн суллагдах хүртэл суллах ажиллагаа зарлигийн дагуу үргэлжилнэ” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Афганистаны эрх баригчид 300 талибыг харин “Талибан” хөдөлгөөн Засгийн газрын 20 цэргийг суллаж, тэднийг тус улсын өмнөд нутгийн Кандагар мужийн Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгт шилжүүлэн өгсөн гэж урьд нь мэдээлжээ.
Афганистан дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад талуудад хандан хоригдол солилцох үйл явцыг хурдасгахыг уриалсан байна. Тэрбээр мөн шоронгуудад коронавирусний халдвар тархаж болзошгүй байгаа нь уг үйл явц удаашрах бас нэг шалтгаан болно гэдгийг тэмдэглэжээ.