Төрөөс нүүрсний үнийг чөлөөлж байж л станцууд хэвийн ажиллаж чадна

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.mn
2020-06-02 14:50:21

 Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-ийн Ерөнхий захирал Ө.Хишигсүхтэй ярилцлаа.

 

-Танай уурхайн гол үйлдвэрлэл болох нүүрс олборолт хэрхэн явж байна вэ?

-Манай уурхай анх 1965 оноос ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш 55 жилийн турш хойд бүсийн эрчим хүчний цахилгаан станцуудыг технологийн нүүрсээр хангах гол үүрэгтэй ажиллаж ирсэн бол одоо ч энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна. Бид жилд нэг сая 200 мянган тонн нүүрс олборлож станцуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Яг одоогийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 105 хувийн биелэлттэй явж байгаа. Цаашдаа бид ирэх оноос эхэлж жилд 1.5 сая тонн нүүрс олборлоно гэсэн төлөвлөгөөтэй. Уурхай нийтдээ 500 гаруй ажиллагсадтайгаар хоногийн 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэлээ явуулдаг. Нийт ажиллагсдын 25-30 хувь нь дээд боловсролтой, боловсролын хувьд нэлээд өндөрт тооцогддог. Уурхай маань сүүлийн үеийн техникүүдээр жил дараалан хөрөнгө оруулалт хийж, шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалт, технологи болон бусад талаар ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх томоохон зорилт тавиад уг зорилтынхоо дагуу ажлууд эрчимтэй явж байна.

-Шарын голын уурхайн нөөц ихээхэн багассан гэж нэг хэсэг их яригдсан. Үнэхээр нөөц нь багассан юм уу?

-Манай уурхай одоогийн байдлаар буюу ойрын жилүүдэд олборлох 23 сая тонн нүүрсний геологи хайгуулын нөөцтэй, үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлүүдийг хийж саяхан дууссан. Ер нь хэтдээ бидний ашиглах Шаазгайтын хэсэгт нийтдээ 160 сая тонн нүүрсний агууламж байгаа. Дараагийн жилүүдэд эдгээрт тодотгож нарийсгасан геологийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ойрын жилүүдэд одоогийн бидний олборлож байгаа нэг сая таван зуун мянган тонныг жилдээ авч байгаа энэ газарт ямар ч байсан арваад жилийн нөөц байгаа. Цаашдаа 160 сая тоннын газартаа ажиллахад зуугаад жилд олборлолт явуулах боломж манай уурхайд бий.

-Уурхайн олборлолт явуулж байгаа гүнд нь гүний уурхайн нэг цооног ажиллуулж байсан даа. Тэр одоо хэр зэрэг явж байгаа вэ?

-Бид одоо ил уурхайгаа ажиллуулж байгаа. Гүний уурхайн цооног нэг хэсэг ажиллаж байгаад одоо тэр цооногт хэсэгт зөвхөн ус шүүрүүлэх хэсэг нь л ажиллаж байгаа. Газрын доор 180 метрийн гүнд бүх усыг нь цуглуулаад таталтуудаа хийдэг ажил хэвийн явж байна. Цаашдаа уурхайгаа илээрээ олборлолтоо үргэлжлүүлэн явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ер нь Шарын гол сумыг анх байгуулахаасаа л эхэлж Шарын голын уурхайг түшиглэж байгуулсан түүхтэй байдаг. Танайх уурхайчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдэж явж байна вэ?

-Уурхайчдын нийгмийн асуудалд зах зээл эхэлснээс хойш дорвитой юм хийж чадаагүй явж ирсэн. Сүүлийн жилүүдэд уурхайчиддаа зориулсан таван давхар орон сууцны барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, залуу уурайчдын гэр бүлийг орон сууцаар хангах ажил хийж байна. Хэтийн төлөвлөлтдөө “Бородок” амины орон сууцны зураг төслүүд хийж дуусч байгаа ч санхүүжилт нь хүндрэлтэй байгаа. Мөн уурхайчдын эрүүл мэндийн асуудалд бид онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн жил уурхайчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Ялангуяа шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, шүд эрүүлжүүлэх ажлыг өнгөрсөн сараас эхлүүлсэн. Ажилчдынхаа аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн халамжид нь анхаарах талд бонус шагналуудыг идэвхжүүлэх, шинэчилсэн ашгаасаа хүртэх, уралдааны болзлууд, улирлын шагналт цалин, сарын үр дүнгийн нэмэгдлүүд зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний үрээр ажиллагсдын ажиллаж хийж бүтээх идэвх сонирхол нэмэгдэж байна. Хамгийн гол хийсэн ажил гэвэл уурхайн инженер, техникчид, бага мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн жил уурхайн төвд сургалтын төв байгуулан ажиллаж байна. Энэ төв нь ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үүний үр дүн нь ирэх жилээс бүтээлээрээ харагдана гэдэгт итгэл дүүрэн байна. Түүнээс гадна бид энэ сургалтынхаа төвийг түшиглэж Шарын гол, Дархан, Сэлэнгийн бүсэд уул уурхайн мэргэжилтнүүдийг ирэх есдүгээр сарын нэгнээс эхэлж бэлтгэх суурь, сургалтын материаллаг бааз бий боллоо. Цаашдаа Коллежийн хэмжээнд өргөтгөх зорилт тавиад ажиллаж байна.

-Уурхайн ашиглалтын явцад хөрс хуулалт нь нэлээд хоцрогдолтой явдаг байсан санагдаж байна. Сүүлийн жилүүдэд ямар болсон бэ, хэвээрээ юу?

-Ер нь уурхайг ашиглах тутам хүндрэлүүд улам бүр нэмэгдэж байгаа. Уурхай маань газрын түвшнээс доошоогоо 282 метрийн гүнд ажиллаж байна. Ийм гүнд ажиллана гэдэг нь 200 гаруй метрийн зузаан хөрс хуулж нүүрсээ авч байгаа л даа. Тэгэхээр нүүрсний авч байгаа хувь хэмжээ нь арвыг харьцах нэгтэй буюу арван куб метр шороо гаргаад нэг куб метр нүүрс гарганаа л гэсэн үг. Зардал нь улам бүр өндөрсөж байгаа. Урьд нь ч тийм байсан тиймээс тээвэрлэлтийн асуудал хүнд байсан учраас нарийн төмөр зам ашиглаж хөрс зайлуулах ажил ч больсон, станцуудын нүүрсний хэрэгцээ буурсантай холбогдуулан олборолт ч багассан.

Мөн сүүлийн үеийн техник, технологиуд их хөгжсөн, 100 тоннын самосвалууд хөрсний ажилд орж ирсэн, 13 кубийн шанагатай эксковаторууд хэд хэдээрээ ажилладаг учраас техникийн давуу тал дээр түшиглэж хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг зохион байгуулалттай явуулж байгаа. Тиймээс уулын ажлуудыг бид цаг хугацаанд нь гүйцэтгэж байна. Түүнчлэн хөрсний ховхлолтын хоцрогдол нь нүүрсний тарифт өртөгтэй холбогдуулаад өртөг зардлаа нөхөх үүднээс аль л хялбар олборлох нүүрсээ гарган авч явж ирсэн. Тэгээд сүүлийн үед нөөц гарцаагүй доош орсон учраас хөрс хуулалтын ажлыг нэмэгдүүлж авахаас өөр арга байхгүй. Сүүлийн хоёр жилд хөрс хуулалтын ажлуудыг төлөвлөгөөндөө хүргэх зорилгоор нөхөх ажлуудыг нэлээд хийж байгаа. Үүн дээр ч гэсэн Эрчим хүчний зохицуулах хорооноос бидний үнэ тариф дээр сүүлийн үед бас ч анхаарал тавьж байгаа, үүний үр дүнд бид хөрс хуулалтаа нөхөх, дараа жил гэхэд хэвийн горимд нь оруулах зорилт тавиад ажиллаж байна.

-Олборлосон нүүрсээ хаана хаана яаж борлуулж байна вэ? Мэдээж гэрээтэй, байнгын хэрэглэгчид олон байгаа байх даа?

-Эрдэнэт, Дарханы Дулааны цахилгаан станц, Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэр зэрэг газарт нийт нүүрснийхээ 95 гаруй хувийг нийлүүлж байна. Үлдсэн тав орчим хувийг жижиг хэрэглэгч, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд нийлүүлдэг.

-Танай уурхай чинь нэгэнт Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлээ явуулж байгаа. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагтаа ямар ажил гүйцэтгэж хувь нэмэр оруулж байна вэ?

-Манайх чинь сумандаа сүүлийн таван жилд нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажил гээд гэрээ байгуулж түүнийгээ жил бүр дүгнэж ажилладаг. Ингэснээр сумын төвийн тохижилт, ялангуяа сургууль, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагуудад хийх сэргээн босгох зэрэг ажилд манайх нэлээд их идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд бид дандаа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн. Энэ жилийн хувьд сургуулиуд хүүхдэд тавих хандлагын ажилд нэлээд эрчимтэй чиглүүлж байгаа бол сумынхаа эмзэг бүлгийнхнээс хүүхдэд нь сургалтын тэтгэлэг олгох төлөвлөгөө боловсруулсан. Мөн зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй айл өрхүүдийн хүүхдүүдийг шүднээс нь авахуулаад эрүүлжүүлэх, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг хийж байгаа. Сумын Соёлын төв, сургуулиудыг хөгжмийн зэмсэгтэй болгох зэргээр туслах, эмнэлэг, Онцгой байдлын албанд түргэн тусламжийн машин олгож нийлүүлэх бэлтгэл ажлууд хийж байна. Ялангуяа хүүхэд багачуудад тавих анхаарал халамжийн хувьд онцгой анхаарч сургалтын төвдөө үнэ төлбөргүй сургах цаашлаад их, дээд сургуулиудад залуу халаагаа бэлтгэхийг уламжлал болгох үүднээс сурах үед нь сургалтын төлбөрт нь гэрээ байгуулж ажиллах хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа.

-Шарын голын уурхай Монгол улсын ууган ил уурхайнуудын нэг төдийгүй анхдагч гэж хэлж болох байх. Танай уурхайгаас олон сайхан алдартнууд төрж гарсан, ахмадуудаараа алдартай. Одоо танай уурхайгаар орж ирэхэд ч, уурхайн гүнд очиход ч сайхан залуучууд ажиллаж байна?

-Манай уурхайд ажиллаж байсан 500 гаруй тэтгэврийн насны хүн байдаг. Тэд бол манай уурхайн тулгын чулууг тавилцсан буянтай буурлууд. Тиймээс тэд маань залуу үеэ халамжлан хүмүүжүүлэх, тэднийгээ залуу уурхайчидтайгаа уулзуулж гэр бүлтэй нь болон уурхайгаа танилцуулах зэрэг ажлыг байнга явуулж байгаа. Ялангуяа манай нийт ажиллагсад их залуужсан. Тиймээс ахмадуудын ажлын туршлагыг нь өвлүүлэх, нэвтрүүлэх үүднээс манай уурхайгаас төрсөн хөдөлмөрийн баатрууд, гавьяатууудаа урьж яриа, лекц уншуулах, залуу үетэйгээ холбож ойртуулах, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх 55 жилийн ойгоо угтсан ажилд их өргөн хамруулсан төлөвлөгөөт ажлууд хийгээд явж байна.

-Уурхай яг одоо ямар ажил гүйцэтгэж байна вэ, халаалтын улирал дууссан, нүүрсний эрэлт хэрэгцээ мэдээж багассан л байгаа байх?

-Бид боломжоороо хөрс хуулалтынхаа ажлыг нэлээд түлхүү явуулж байна. Нүүрсний борлуулалт коронавирусний халдвараас сэргийлж хөл хорио тогтоосноос үүдэж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд 32 хувиар багассан үзүүлэлттэй. Энэ зургаадугаар сараас магадгүй тавин хувь буурч ч мэднэ. Ер нь энэ өвчлөлтэй холбогдуулаад Монгол улс даяар эрчим хүчний хэрэглээ тавин хүртэл хувь багасах хандлага ажиглагдаж байгаа. Борлуулалт бага байна гэдэг маань үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох сөрөг нөлөөлөл бий болж мэднэ, гэхдээ бид нөөц бололцоогоороо ажиллаад энэ алдагдлыг нөхнө. Хэрэглэгч байгууллагуудаа гэрээт нүүрсээр бүрэн хангахын тулд бид тэднээс нүүрснийх нь үнийн багаахан хэмжээтэйг урьдчилж авах замаар хөрс хуулалтын ажлаа урагшуулна гэсэн төлөвлөгөөтэй харилцан ярилцаад амжуулахаар ажиллаж байна. Аль болохоор л сул зогсолт гаргахгүйн төлөө л эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаад ажилласан. Үүний үр дүнд бид хөрс хуулалтын төлөвлөгөөгөө өнгөрсөн тавдугаар сарын эцсийн байдлаар анх удаагаа 100 гаруй хувиар давуулан биелүүллээ. Ийм ийм давуу талуудаа ашиглаж байна, яахуу зохих хэмжээний нөөцийг бүрдүүлж авсан, одоогийн байдлаар гурван зуугаад мянган тонн нүүрсийг авахад бэлэн болгосон зэргээр үр дүнтэй ажиллаж байна даа.

-Уул уурхайн үйлдвэрлэл тэр дундаа нүүрсний уурхайнуудын хувьд төрөөс анхаарах асуудлууд байдаг уу, мэдээж ийм том уурхайг удирдаж явахад янз бүрийн санал бодол төрж явдаг байх, энэ ярилцлагаар дамжуулж хэлэх үг юу байна? Төрөөс стратегийн ач холбогдолтой уурхай гэж анх нээсэн байх. Төрийн оролцоо уурхайн хувь заяанд хэрэг зэрэг нөлөөтэй вэ?

-Та маш чухал асуулт тавилаа. Энэ асуудал бол уурхайчдын маань санаа зовж эмзэглэж явдаг асуудал юм. Монгол Улсын эрчим хүчний хангалт дутмагдуу, иймээс үүнийг биелүүлэхэд “Шарын гол” ХК 55 жилийн турш нэр төртэй биелүүлж явж байгаа. Хамгийн их хүндрэлтэй юм юу вэ гэвэл нүүрсний үнэ тарифын асуудал байдаг. Нэг тонн нүүрс гаргаж байгаа өртөг нь борлуулж байгаа өртгөөс хямд байдаг учраас хөрс хуулалтын хоцрогдол сүүлийн арав гаруй жил үргэлжилж байна. Үүнээс болоод зардал нэмэгдээд байдаг, олборлолтын өртөг бага байгаад байгаа учраас зах зээлийн горим алдагдаж хэвийн үйл ажиллагаанд асар их нөлөөлж байна. Энэ бүхнээс шалтгаалж өр зээлийн асуудал хүндэрсэн. Энэ хүндрэлийг даван туулахад төрийн зөв бодлого чухал байдаг. Тэр тусмаа Эрчим хүчний яамны гаргаж байгаа бодлого үнэ өртгийн асуудалд онцгой анхаарал тавих нь зүйтэй гэж бодож явдаг. Багануур, Шивээ овоогийн уурхай болон манайх Монгол улсынхаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангадаг. Тэгээд эрчим хүчний зохицуулах хорооны баталсан үнээр зохицуулагддаг учраас цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг хатуу бодлого барьдаг болохоор уурхай хэвийн ажиллахад хамгийн их хүндрэл учруулж байгаа юм. Үүнд манайхыг хувьцаат компани гэдгээр хандах хандлага нь бусад уурхайнуудаас арай сул байдаг учраас уурхайчид маань сэтгэл дундуур байдаг. Гэхдээ бид энэ бүхнийг бэрхшээл гэж ойлгохгүйгээр өөрийн үүрэгт ажлуудыг боломжийнхоо хэрээр хийж зүтгэн ажиллаж байна. Эдгээртэй холбоотой цалин хөлс, хангамж зэрэг нь төрийн өмчит бусад уурхайнаас дутмаг юм байдаг. Ажиллах боловсон хүчний хувьд ч гэсэн гайгүй бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн зарим нь өөр уурхай руу шилжих зэрэг асуудал хааяа гардаг аа. Тийм болохоор бид сургалтын төвийг уурхайдаа өөрсдийн хүчээр байгуулж боловсон хүчнээ нөхөх, тогтвортой ажиллуулах бодлого барин ажиллаж үр дүнд хүрч байна. 

                                                                                                                                               Б.Норовсамбуу

 

 

 

 

Холбоотой мэдээ