Монголын спортынхон цахим уулзалт зохион байгуулав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-04-09 11:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын салбарын төрийн болон ТББ-ууд, спорт холбоод ямар арга хэмжээ авч байгаа болон цаашид хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцсэн цахим уулзалтыг дөрөвдүгээр сарын 8-нд зохион байгуулсан талаар Э.Гуамарал /Таван цагариг/ мэдээллээ.


Дэлхий дахиныг хамраад буй “Ковид-19” цар тахлын улмаас хамгийн ихээр хохирол амсаад буй салбаруудын нэг спортын салбар юм. Монголын спортын салбарынхан өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж нэгдсэн ойлголттой болох зорилготой уг уулзалтын үеэр 19 спорт холбооны төлөөлөл, БСШУСЯ, БТСГ, МҮОХ, хэвлэл мэдээлэл, спорт судлаач нийт 46 хүн оролцож, санал бодлоо солилцсон байна.


 БСШУСЯ-ны Биеийн спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг энэ оны эхний хагаст зохион байгуулах байсан олон улсын спортын тэмцээн уралдаанаас нөхцөл байдалтай уялдуулан заримыг нь оны сүүлийн улиралд багтаах тухай, шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын цалинг тодорхой хувиар нэмсэн тухай зэрэг мэдээллүүдийг өгснөөс гадна энэ цаг үеийг ашиглан спорт холбоодыг менежмент, засаглалдаа анхаарч ажиллахыг уриаллаа.


МҮОХ-ны хувьд ОУОХ-ноос гаргаж буй шийдвэр, заавар, зөвлөмжүүдийг хүндэтгэн дагаж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихаа болон цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпын наадам зохион байгуулах комисстой хамтран ажиллаж, мэдээллүүдийг өөрсдийн сошиал болон албан ёсны вэб хуудсуудаараа дамжуулж байхаа мэдэгдлээ. Мөн ОУОХ-ны тамирчдад зориулсан Athlete-365 цахим порталыг хэрхэн ашиглах зөвлөмжийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.


Түүнчлэн “Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдын 57 хувь эрхээ авсан бөгөөд энэ эрх хэвээр үлдэх талаар, олимпын эрхийн тэмцээнүүдийг 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөр тасалбар болгохоор шийдсэн, мөн чансаа харгалзан эрх авдаг спортуудад тамирчдын 2021 оны амжилтыг харгалзах зэрэг мэдээллийг өгсөн байна.


Спорт холбоодын төлөөлөл хямралын үеийг хэрхэн боломж болгож буй жишээнүүдээ уулзалтын үеэр танилцуулснаас онцолбол, Монголын Жюү жицүгийн холбоо нийгмийн хариуцлагыг дэмжих үүднээс тус спортын 20 цуврал хичээлийг бэлтгэж спортын SPS cувгаар гаргахад бэлэн болжээ. Уг спортоор хичээллэгчдийн дунд олон нийтийн хуудсаар дамжуулан уралдаан явуулж байгаа аж.


Харин Монголдоо хамгийн олон хичээллэгчидтэй гэгдэх болсон Монголын Электрон спортын холбооны хувьд тун удахгүй Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтарч цахим тэмцээн явуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Мөн бусад спорт холбоотой ч энэ байдлаар хамтарч ажиллах боломж байгаа гэдгээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ