Орлого нь 50 хувь багассан ААН-ийн ажилтанд 200 мянган төгрөг олгоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 12:49:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.


Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж байгаа юм. 


Төслүүдийг холбогдох ажлын баг болон Байнгын хороод хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 18 санал гаргажээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зарим мэдээлэл өгөв. Тэрбээр, "Засгийн газраас хэрэгжүүлэх долоон арга хэмжээг хэрэгжүүлэх 5.1 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг бол их тоо. Бид олж буй хоёр төгрөгийн 1-ийг иргэдийн ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зориулж байна гэсэн үг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн байгаагийн 75 хувь буюу 800 мянга орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна. Үүнд 800 орчим тэрбум төгрөг гаргах төлөвтэй байна. Иргэдийн дунд 200 мянган төгрөгийн нэмэгдлийг ямар шалгуураар олгох нь тодорхой бус байсан. Өчигдрийн ажлын баг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар маш оновчтой шийдэл гарсан. Тодруулбал, өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувиар багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд олгох санал гаргасан. Үүнд ойролцоогоор 45 мянган аж ахуйн нэгж хамаарах төлөвтэй байна" хэмээв. 


Ийнхүү тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 18 саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэж байна. 

Холбоотой мэдээ