"Хулуу сармисны салат" шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Орон нутагт | Сэлэнгэ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-24 11:36:16

Найм дахь жилдээ зохион байгуулсан “Салатны баяр” арга хэмжээнд Сүхбаатар сумынхан амжилттай оролцлоо.  

Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Шаамар сум, Дулаанхаан, Бугант тосгоны 4 нөхөрлөл, 13 бүлгийн 100 гаруй өрхийн үйлдвэрлэгчид даршилсан ногоо, төмс хүнсний ногоо, төрөл бүрийн салат, чанамал, зөгийн бал, цэцгийн тоосонцор, оёмол бүтээгдэхүүн, модон бүтээгдэхүүнүүдээрээ оролцлоо. 

Ингээд энэ жилийн "Шинэлэг бүтээгдэхүүн"-ээр Сүхбаатар сумын 8-р багийн иргэн Ж.Дашзэвэгийн "Хулуу сармисны салат", Дулаанхаан тосгоны н.Батсуурийн "Гишүүнэ долоогоны хүүхдийн тэжээл", Алтанбулаг сумын Н.Дуламхишигийн "Хулуунд дарсан өргөст хэмх" зэрэг бүтээгдэхүүн шалгарлаа.

Мөн "Шилдэг савлагаатай бүтээгдэхүүн"-ий шагналыг Дулаанхаан тосгоны "Дэлгэрхаан" нөхөрлөлийн цаасан уутанд савласан эмийн ургамал, "Шилдэг хийц загвартай бүтээгдэхүүн"-ээр Сүхбаатар сумын "Сэтгэмж" бүлгийн модон эдлэл, "Шилдэг бүтээгдэхүүн"-ээр Зүүнбүрэн сумын оёдолчин С.Туяацэцэгийн загварын хантааз тус тус шалгарлаа. Харин "Шилдэг бүл"-ээр Сүхбаатар сумын "Баянхан бүл", Бугант тосгоны "Их хөвч" нөхөрлөл тус тус шалгарчээ. Тус арга хэмжээг “Дэлхийн зөн” Сэлэнгэ Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс ивээн тэтгэн явууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд