Б.Хос-Эрдэнэ: Дэлхийн хэмжээний компани болохоор зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
naranmandukhai@montsame.gov.mn
2021-09-09 13:37:22

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав

“Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал I 

Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй  залуу бизнес эрхлэгчдийг цувралаар танилцуулж, хоёр талын бизнесийн харилцаанд түлхэц өгөхөд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Энэхүү цуврал нь энгийн ярилцлага гэхээс илүү Япон улсын элчин сайдтай өрнүүлж буй хөөрөлдөөн хэлбэрээр уншигчдад хүрнэ. Цувралын хамгийн эхний зочноор "Go Global" уриатай, Монголын тэргүүлэгч финтек компани болох АНД Глобал компанийн гүйцэтгэх захирал Баатархүүгийн Хос-Эрдэнэ уригдаж Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй сонирхолтой яриа өрнүүллээ. 

АНД Глобал компани нь 2016 онд байгуулагдаж дотоодын хэрэглэгчдэд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан бичил зээлийн үйлчилгээ болох "Lend mn"-ийг голлон үйл ажиллагаагаа явуулж, 2021 оны 6-р сарын байдлаар нийт хэрэглэгчдийн тоо Монголын хүн амын дөрөвний нэгтэй тэнцэхүйц буюу ойролцоогоор 930 мянгад хүрээд байна.

Түүнчлэн тус компанийн “Super Up” аппликэйшн нь дотоодын 23 бизнесийн байгууллагаас үйлчилгээ авах дижитал экосистемийг бий болгож нийтийн үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, хоол хүргэлт, аялал захиалга зэрэг төрөл бүрийн салбарын үйлчилгээг санал болгодог. Тус компани нь Монголд төдийгүй Филиппин улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ үйл ажиллагаагаараа дамжуулан хуримтлуулсан туршлага, технологи, үйл ажиллагааны ноу хауг Филиппин, Камбож, Индонез, Япон, Австрали зэрэг оронд санал болгохоор зорин ажиллаж байна.



Элчин сайд Х.Кобаяши: 2007 онд Засгийн газрын тэтгэлгээр Япон Улсад суралцахаар шийдсэн шалтгаан тань юу вэ?

Б.Хос-Эрдэнэ: Шалтгаан гэвэл элэнц эмээгээс минь үүдэлтэй.

Элэнц эмээ маань 1939 оны  Халх голын дайнд сувилагчаар ажиллаж шархадсан япон цэргүүдийг асарч байсан. Тэр үед япон цэргүүдтэй харьцаж япон хүмүүсээс суралцах зүйл маш их гэсэн гүн сэтгэгдэлтэй үлдсэн гэдэг. Гүн сэтгэгдэл үлдээсэн гурван зүйл бий. Нэгт, хэлсэн амандаа үнэнч байх. Хоёрт хичээнгүй, хөдөлмөрч хүн байх. Гуравт, цаг баримтлах гэсэн гурван зарчим.

Элэнц эмээ маань 109 насыг зооглож амьд сэрүүн байхдаа энэ гурван зарчмын тухай эмээд маань үргэлж ярьдаг байсан гэдэг. Эмээ маань надад “Япон хүн шиг хэлсэндээ хүрдэг, хөдөлмөрч, цагийг чанд баримталдаг хүн болоорой” гэж үргэлж захидаг байсан. Тиймээс л балчир наснаасаа япон явахыг мөрөөддөг байв.

Элчин сайд Х.Кобаяши: Японд санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж Монголдоо буцаж ирээд бизнесийн салбарт хүч үзье гэж хэзээнээс шийдсэн бэ? Жишээ нь, өөр улсад докторын зэргээ хамгаалъя, Японд үргэлжлүүлэн амьдаръя гэх мэт шийдвэртээ эргэлзэх үе байв уу?

Б.Хос- Эрдэнэ: Энэ шийдвэрээ aхлах сургуулиа төгсөх үедээ гаргасан байсан. Би Монголын анхны япон стандартын сургууль болох Шинэ монгол ахлах сургуулийн тав дахь үеийн төгсөгч. Ахлах сургуулиа төгсөхдөө “Дэлхийд алдартай монгол компани байгуулмаар байна”  гэж дурсамж бичигтээ тэмдэглэсэн маань буй. Японы Хитоцүбаши их сургуульд санхүү, эдийн засгийн мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа практик мэдлэг, ноу хауд суралцахаар Японы UBS үнэт цаасны компани болон Мизүхо банканд ажилласан. Тухайн үед бүл ч нэмэн тайван тогтвортой амьдрах нөхцөлүүд бүрдсэн байсан ч дээрх мөрөөдөл маань үргэлж толгойд байсаар ирсэн. Чухам хэзээ гэдэг шийдвэрийг гаргахад цаг хугацаа их чухал байсан л даа.

UBS үнэт цаасны компанид томоохон компаниудыг нэгтгэх, худалдан авах үйл ажиллагааг хариуцаж,  Мизүхо банканд компанийн судалгааны хэлтэст, компани болон санхүүгийн зах зээлийн судалгааг хариуцан ажиллаж байв. Санхүүгийн мэдлэгээ сайжруулахын тулд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын санд ажиллах тухай бодож байсан ч АНД Глобалын үүсгэн байгуулагчдын нэг Ч.Анартай танилцсанаар бизнест хөл тавих мөрөөдлөө хөөхөөр сэтгэл шулуудсан.




Элчин сайд Х.Кобаяши: Японд сургуулиа төгсөөд нутагтаа буцаж ирэхэд Японд сурсан мэдлэг туршлагаа хөгжүүлэх, мөн өөрийн хүссэн ажлаа хийж чадахгүй байх вий гэж зовнидог хүмүүс олон байдаг. Таны хувьд компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд, удирдаад явахад анзаарсан Монголын давуу тал болон сайжруулах хэрэгтэй зүйлс юу байна вэ?

Б.Хос- Эрдэнэ: Гадаадад амьдардаг хүмүүс тэгж сэтгэл зовох нь аргагүй байх. Би ч бас тэдний нэг байсан. Гэхдээ одоо эргээд бодоход өөрийнхөө туулсан зүйлсээ чадвар, ноу хау болгож өөртөө шингээж чадсан бол тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх боломж дүүрэн бий гэж бодож байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30-аад жил болж байгаа ч одоо ч гэсэн капитализмд шилжих үйл явц үргэлжилж байна уу даа гэж бодогддог. Тийм ч учраас энэ чухал үйл явцын дундах нэгэн бизнес эрхлэгчийн хувиар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь маш чухал бөгөөд Япон шиг өндөр хөгжилтэй оронд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.  Энэ нь нэг талаараа өнөөгийн Монголын давуу тал юм болов уу. Социализм, капитализмын завсрын үед төрж, туулж ирсэн манай үеийнхэн “Тэр үед том хүн байсан бол олон зүйл хийж чадах байсан” гэх нь цөөнгүй ч одоо л тэр зүйлсээ хэрэгжүүлж чадах үе нь юм болов уу. Сайжруулах зүйл гэвэл мэдээж менежментийн мөн чанарыг ойлгох, шийдвэр гаргах хэмжүүр зэрэг бизнесийн ёс зүй зэргээс эхлүүлээд олон зүйл байгаа ч, залуу үе мөн гадаадад ажиллаж амьдарсан шилдэг залуус гарч ирснээр бага багаар ахиж сайжирна гэж бодож байгаа учраас сэтгэл зовдоггүй. Гэхдээ эдгээр залуус өөрийн үзэл бодол, зарчмaa тууштай илэрхийлж түүнийхээ төлөө тэмцэх нь чухал гэж бодож байна.

Б.Хос-Эрдэнэ: Та хувьдаа Монголын давуу тал болон сайжруулах зүйлсийг юу гэж тодорхойлох вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Миний хувьд социализм ба ардчилал, чөлөөт эдийн засагтай хоёр өөр Монголыг монголоос бас өөр улсаас ажиглаж ирлээ. Социализмын үеийн Улаанбаатарт амьдарч байх үед Монголыг өнөөдөр шиг өөрчлөгдөнө гэж зүүдэлж ч байсангүй.

1983 онд гадаад хэргийн яаманд орсноосоо хойш өнөөг хүртэл Монголыг ажиглаж ирсэн хүний хувиар хэлж чадах зүйл бол Монголын давуу тал нь сул тал болдог, сул тал нь давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, Монголын онцлогийг зөв ашиглаж чадвал давуу тал, чадахгүй бол сул тал болно. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхэд давуу тал болж чадамгүй Монголын цөөн хүн ам нь КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимтэй явуулахад давуу тал болж байна.

Таны асуултад хариулж чадсангүй болов уу даа. Хамгийн чухал нь юу вэ гэхээр Монгол Улс хийгээд иргэн бүр монгол онцлогийг хэрхэн ашиглаж болохыг тунгаан бодож, шийдвэр гарган, хэрэгжүүлэх чадвар юм. Монгол Улс,  Монголын ард түмэнд ийм чадвар байгааг би ажигласаар ирсэн. Миний зөвлөж чадах зүйл гэвэл аливаа зүйлийг хэрэгжүүлэхдээ үүсэж болох асуудал, эрсдэлийг харж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авах, дунд болон урт хугацааны туршид харах өнцөгт ач холбогдол өгөх гэсэн хоёр зүйлийг хэлмээр байна.

Монголд эхлээд оролдож үзээд, асуудал байвал сайжруул гэх рационал үзэл бий. Үүсэж болох асуудлыг урьдчилан бодож санаа зовсон ч бодит байдалд болохгүй бол хий дэмий хэрэг болохоор юм болов уу даа. Өнөөг хүртэл Монголтой холбогдохдоо би хүртэл энэ үзлийг өөртөө төлөвшүүлж чадсан гэж бодож байна. Гэхдээ урьдаас зохицуулж,  хэлэлцэж, урьдчилан сэргийлэх, дахин асуудал үүссэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэхийн ашиг тус нэлээдгүй гэж бодож байна. 1.Асуудал үүсгэхгүй. 2. Асуудал үүссэн үед хурдан хариу арга хэмжээ авах. 3.Таамаглаагүй асуудал үүссэн үед ч бусад асуудлыг шийдэхэд авч ашигласан судалгаа, зохицуулалт, бэлтгэл хэрэг болох давуу талтай. Мэдээж иймэрхүү асуудлыг шийдэхэд хязгаар байхгүй учраас тодорхой хүрээнд байлгах хэрэгтэй.




Элчин сайд Х.Кобаяши: АНД Глобал компани 2016 онд байгуулагдсанаасаа хойш ердөө таван жилийн хугацаанд Монголоос гаралтай финтек компани гэдгээрээ танигдаж чадсан. Үүнийг анхнаасаа төлөвлөсөн байсан уу?

Б.Хос-Эрдэнэ: Нэг талаараа төлөвлөсний дагуу болсон гэж хэлэх ч, нөгөөтээгүүр өнөөг хүртэлх туулсан зам төлөвлөсөн шиг дардан байгаагүй.

Анх технологийн компанийн хувьд дотоодын зах зээлийн шинэчилсэн технологийг залуу инженерүүдийн хамтаар бүтээсэн боловч, харамсалтай нь бидний нөөц чадамжид итгэлгүй хэрэглээнд нэвтрүүлэхээс татгалзсан байдаг.

Бид өөрсдийн технологио батлахын тулд B2C (хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ) төслийг эхлүүлж үр дүнд нь финтек компани гэдгээрээ танигдах болсон. Одоо бид глобал түншүүдтэйгээ хамтран анх зорьж байсан технологиор дамжуулж салбарын өөрчлөлт шинэчлэлтийг авчрах тэрхүү зорилгоо гүйцэлдүүлэх нөхцөл нь бүрдэж байна гэж үзэж байна.

Элчин сайд Х.Кобаяши: АНД Глобал компанийн үйл ажиллагаа, хэтийн зорилгын талаар хуваалцана уу?

Б.Хос-Эрдэнэ: Манай компани монгол хүний оюуны чадамжийг дэлхийд батлан харуулахыг зорилгоо болгон таван жилийн өмнө байгуулагдсан технологийн компани юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс математик, физикийн олон улсын олимпиадуудад тогтмол медаль хүртэж, амжилт үзүүлж байна. Медаль хүртсэн сурагчид дэлхийн топ их сургуулиудад уригдаж тэтгэлэгтэй суралцах болсон.

Мөн Цахиурын хөндий, Волл Стрийтэд байдаг дэлхийн топ компаниудад Монголын шилдэг инженерүүд, банкирууд амжилттай ажиллаж байгаа нь хувь хүмүүсийн өндөр чадварыг батлан харуулж байна. Гэвч одоо хэр нь баг болж нэгдэн дэлхийн хэмжээний  амжилт гаргасан жишээ түүхүүд тун ховрын дээр Японы Тоёота, Сони шиг улсаа төлөөлөх глобал компани байхгүй байна.


Харамсалтай нь гадны улс оронд одоо болтол Монголыг Чингис хаан, тал нутаг, нүүдэлчин улс төдийхнөөр төсөөлж технологи гэвэл хоцрогдмол төсөөлөлтэй л байдаг. Нөгөөтээгүүр өнөөгийн монголчууд ч бас адил одоо болтол 800 жилийн өмнөх Чингис хаанаа монгол хүний бахархал хэмээн ярьж, юу ч болсон Чингис хааны нэрийг барьдаг. Манай компани үүнийг л шинэчилж  залуу үед үлгэр жишээ болохуйц шинэ замыг нээх үзэл санааг баримталдаг. Компанийн энэ л үзэл санааг хүлээн зөвшөөрч дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг залуус маань тус тусынхаа тогтсон амьдрал, карьераас татгалзан хэд дахин бага цалинтай хэдий ч бидэнтэй нэгдэн хамтран ажиллаж байна.





Элчин сайд Х.Кобаяши: 2020 онд Марубени, үргэлжлүүлээд 2021 онд SBI холдингийн Сингапур дахь охин компаниас хөрөнгө оруулалт татжээ. Гадныхны итгэлийг олж хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байсан зүйл юу вэ?  Амжилтын нууц нь юу байсан гэж бодож байна?

Б.Хос-Эрдэнэ: Тус хоёр компаниас татсан  хөрөнгө оруулалтын онцлог гэвэл, ердөө бэлэн мөнгөөр хөрөнгө оруулаад зогсохгүй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, жирийн хөрөнгө оруулагч, компани гэсэн харилцаа бус  "win-win" болох харилцан бие биенээ нөхөх харилцааг тогтоосон явдал юм. Үүнээс улбаалан хөрөнгө оруулалт татахад тулгарсан хүндрэл гэвэл технологи болон үйл ажиллагааны нөөц боломжоо хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ, хамтрагч компанидаа ямархуу үнэ цэнийг өгч чадах вэ гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан. Бодит байдал дээр итгэлцлийн харилцаа тогтоож өөрсдийнхөө давуу талыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон удаагийн бизнес томилолтууд, мөн технологи, санхүү, хууль эрх зүй талаас шаардлагатай шалгалтуудыг давах зэрэгт хоёр жил хагасын хугацааг зарцуулж харилцан ойлголцлоо бэхжүүлж ирсэн. Асуудал нэг бүрийг шийдэхэд сэтгэл гарган зүтгэсэн маань эцсийн дүндээ амжилтын зам руу хөтөлсөн гэж бодож байна. Энэ үйл явц дунд манай байгууллага ихээхэн туршлага, ноу хауг хуримтлуулж чадсан.

Элчин сайд Х.Кобаяши: Таныг хувьдаа зорилгоо тодорхой гаргаж тэр зорилгоо биелүүлэхийн тулд тууштай хөдөлмөрлөсөн хүн гэж харж байна. Тэгвэл таны хувийн зорилго юу вэ ?

Б.Хос-Эрдэнэ: Ямартай ч АНД Глобал компаниа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц компани болгомоор байна. Үүний тулд эхлээд түншүүддээ амласан амлалтаа сайтар биелүүлье гэж бодож байна. Миний хувьд удирдахуйн туршлага нимгэн тул өдөр тутмын сорилтуудтай нүүр тулсаар байгаа ч, аль болох хурдтайгаар компаниа урагшлуулж чадах шилдэг удирдлага болохын төлөө байнга өсөн дэвжихийг зорьж байна. Энэ бол миний хувийн зорилго.

Б.Хос-Эрдэнэ: Миний хувьд бизнес эрхлэгчийн хувиар нэг компани төлөөлж байгаа хэдий ч таны хувьд Япон гэх бүтэн улсыг төлөөлж байна. Хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай ч таны хувьд манлайлагч байхын тулд өдөр тутамдаа санаж явах зүйл, удирдагч хүнд байх ёстой чухал зүйл гэвэл?

Элчин сайд Х.Кобаяши: Би анх удаагаа элчин сайдаар ажиллаж, элчин сайдын албаны хүндийг өдөр тутамдаа мэдэрч байна. Мөн багаасаа компани удирдаж байсан аавынхаа зовлонг хажуунаас нь харж ирсэн учраас компани удирдах хэр хэцүү гэдгийг тодорхой хэмжээнд гадарлаж байна. Элчин сайдын ажил үүрэг, компани удирдагчийн ажил үүрэг хоёрт тус тусын онцлог байгаа бөгөөд эдгээрийг харьцуулах боломжгүй. Япон улсын элчин сайдын яам бол Япон улсын засгийн газрын байгууллага учраас, улсынхаа засгийн газрын гадаад бодлого, заавар, шийдвэрийг дагаж элчин сайдын яамны хувиар ажил үүргээ гүйцэтгэдэг. Би хувьдаа яавал үүргээ илүү үр дүнтэй гүйцэтгэх вэ гэдэг талаар Монголын нөхцөл байдлыг бодолцож өнөөг хүртэл хуримтлуулсан мэдлэг туршлагадаа  түшиглэн урт хугацаанд төдийгүй өргөн хүрээнд харж шийдэж ажиллах бодолтой байна. Янз бүрийн асуудлыг шийдвэрлэж ойлгох нь удирдагч хүнд байх хамгийн чухал зүйлсийн нэг гэж бодож байна.



Элчин сайд Х.Кобаяши: Манай хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан ч эдийн засгийн харилцаа идэвхжиж чадахгүй хэвээр байна. Япон, Монголын иргэд хоорондын эдийн засгийн харилцааг улам идэвжүүлэхэд шаардлагатай зүйл нь юу гэж бодож байна вэ?

Б.Хос-Эрдэнэ: Хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд Монголын тал илүү их суралцаж, өсөж дэвших нь чухал гэж бодож байна. Хэлбэр чухал ч юу юунаас илүүтэй чанарыг сайжруулах нь эрхэм гэж бодож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухайд гайхалтай платформ бөгөөд бодитоор хэрэгжүүлэхгүй бол давуу талыг нь ашиглах боломжгүй.

Япон бол дэлхийд хамгийн боловсорсон зах зээлтэй орнуудын нэг бөгөөд өрсөлдөөн ч маш ширүүн болж байна. Тиймээс монголчууд Японы зах зээлийг сайтар судалж ойлгох нь эдийн засгийн хэлэлцээрийн үр ашгийг хүртэх эхний алхам болно гэж бодож байна.

Б.Хос-Эрдэнэ: Таны хувьд монгол хүн дэлхийд гарч амжилт үзүүлэхэд юу шаардлагатай гэж үзэж байна вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Зөвхөн монголчуудад хэрэгтэй амжилтын түлхүүр гэж байхгүй болов уу. Бүхий л салбарт олон улсын өрсөлдөөн ширүүн, амжилт алдаа давтагддаг гэж бодож байна. Зарим салбарыг эс тооцвол өөрийн хүчээр амжилтанд хүрэх бус, хэрэглэгчдийг оролцуулан хамтрагчаас шалтгаалах итгэлцэл байхгүй бол үйл ажиллагаа явуулах боломжгүй. Соёл, зан заншил, орчин өөр янз бүрийн улс орон, иргэд нь харилцагч тал болох тул тухайн хүн, компани, байгууллагад итгэж болох харилцааг бий болгох нь урт хугацааны, тогтвортой амжилтын салшгүй нэг хэсэг гэж бодож байна.

Б.Хос-Эрдэнэ: Та дэлхийд өрсөлдөх монгол залууст хандаж үг хэлнэ үү.

Элчин сайд Х.Кобаяши: Бизнес, шинжлэх ухаан, спортын салбарт өөрийн хүсэл зорилгоор дэлхийд өөрийгөө сорих хүсэлтэй монгол залуусын тоо нэмэгдсээр байгаад баяртай байна.

Таны хэлсэнчлэн, дэлхийд танигдах, түүхэн амжилт үзүүлэх, өөрөөр хэлбэл дэлхийд тэргүүлэх нэгэн байх амбицаа үргэлж санаж яваасай гэж хүсэж байна. Чингис хааны үр хойчийн хувиар амбицтай байгаарай.

Эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засагтай харьцангуй шинэхэн Монгол Улсаас асар их энерги, эрч хүчийг мэдэрдэг. Энэ эрч хүчийг хуримтлуулж, зөв ​​чиглэлд зарцуулснаар Монгол Улс хурдацтай хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монголын нөөц бололцоог харуулах хувь хүмүүсийн нэгдэл бий болоосой гэж бодож явдаг.






 

Холбоотой мэдээ