Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-08 09:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Элейн Конкиевичийг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх нь Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэсэн бизнесийн соёлыг бэхжүүлэх, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзэж байгаагаа онцлов. Тэрээр бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө гаргах ажилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.


Элейн Конкиевич Монгол Улсын Засгийн газар Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр үндэсний төлөвлөгөө гаргахаар идэвхтэй, шийдмэг ажиллаж байгааг өндрөөр үнэлэв. Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөвлөгөө гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь чухал болохыг онцлоод, энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулах ажлын багтай хамтран ажиллахаа хэллээ.


Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл  2011 онд баталсан. Улмаар 2019 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын баг байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ