Өвөрхангайн Соёлын өв цуврал: 200 жилийн түүхтэй Илдэн бэйлийн хүрээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-07 16:19:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хуучнаар Сайн ноён хан аймгийн нутаг буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт 200 жилийн түүхтэй Илдэн бэйлийн хүрээ гэж бий.

Сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-ын зайд Хорооно уулын өвөр, Горхон голын хойд дэнжид байрших уг хийдийг анх 1828 онд байгуулсан бөгөөд олон дацан дугантай, 2000 гаруй лам хуврагтай, цам гардаг, зуны дунд сарын 15-нд Майдар эргэдэг, намрын эхэн сард Ганжуур эргэж, өвлийн адаг сард сор залдаг томоохон хийдийн нэг байжээ.

1921 оны хавар Хиагтаас хөөгдөн гамин цэргүүд Илдэнбэйлийн хошуугаар дайрч, ард олон, сүм хийдийг дээрэмдэх үеэр Илдэн бэйлийн хүрээ сүйтгэгдэж, ихээхэн хохирол учирсан юм. Дараа нь лам хувраг, сүсэгтэн олон шатсан дугануудын ихэнхийг нь сэргээн засварлаж дахин барьж байгуулсан боловч 1936 оны сүүл үеэс пам нарыг нь баривчлан зарим лам нарыг хүчээр хар болгон тарааснаас хүрээ бүрэн эзгүйрч, 1937 оны хавар сүм, дугануудыг нураажээ.

Үүнээс 56 жилийн дараа буюу 1993 онд хамба лам Т.Мангалжав, Хэл шинжлэлийн ухааны доктор профессор, Монгол Улсын гавъяат багш Чой.Лувсанжав нарын санаачилгаар Өлзийт болон Хужирт сумын сүсэгтэн олны хандив хөрөнгөөр сэргээсэн юм. Одоо Бэйлийн хүрээнд 6 тал хашаа бүхий хийдийн туурь, мөн түүний баруун талд 2 дуганы туурь, 6 суварганы буурь, зүүн талд нь Хятадын пүүсийн туурь байдаг.

Илдэн бэйлийн хүрээний ламтнаар 1814-1855 онд бичгийн их эрдэмтэн Агваандамба өргөмжлөгдсөн байсныг Чой.Лувсанжав багш боть болгон эмхэтгэж, 1934 онд Энэтхэгт хэвлүүлжээ.

 

Холбоотой мэдээ