Дашинчилэн суманд нэг иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-07 17:34:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд “Covid-19” халдварын хавьтлын тохиолдлоор нэг иргэн тусгаарлагдаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

-Олон улсад тархсан коронавирусний өвчлөл гарсан улс орноос ирсэн иргэд улсын хэмжээнд 21 хоног тусгаарлагдаад орон нутагтаа ирж байна. Вирусний халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй хамт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаж байсан иргэн нэгдүгээр хавьтал гэдэг утгаараа Дашинчилэн суманд тусгаарлагдсан байгаа. Тэр хүн орон нутагт ирээд хоёр хонож байна. Тухайн хүнийг хяналтад авах талаар заавар зөвлөгөө өгөөд биеийн халууныг өдөр тутам хянаж байна. Орон нугтийн цагдаа, хэсгийн ахлагч нар хяналт тавиад ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяа ярилаа.

Гадаад орноос ирж нийслэлд тусгаарлагдаад байсан дөрвөн иргэн тус аймагт удахгүй ирэх бөгөөд тэднийг хяналтад байлгах ажлыг мэргэжлийн байгууллага, Булган сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ